НИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт болон тохижилтын ажлуудтай танилцлаа.
Ажлын хэсгийнхэн эхлээд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Амарын гудамж, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, “ТБД андууд”-ын зүүн талд хийх тохижилтын ажлын явцтай танилцсан юм.
Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод нэг наст ургамал тарихаас илүү олон наст мод, бут сөөг тарихаар төлөвлөжээ. Тодруулбал, Эскадрилийн хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэл, замын хоёр талаар мөн Бага тойруу Цэцэг төвөөс Улаанбаатар банкны шилэн барилга хүртэлх замын хоёр талаар, Боловсролын их сургуулиас Хятад элчин хүртэл, Махатма Гандийн гудамж зэрэг газарт 2000 орчим мод шилжүүлэн суулгах ажил үндсэндээ дуусчээ.
Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ярихдаа, “Өнгөрсөн дөрвөн жилд зуны гурван сард нэг наст ургамал тарихад 500-600 сая төгрөг зарцуулж байсан. Энэ жил бид нэг настай цэцгийг гол авто замын уулзварт маш бага хэмжээгээр тарьж байна. Таримал ойг сийрэгжүүлэх замаар 15-20 настай, 4-6 метр өндөртэй мод шилжүүлэн суулгаж буй юм. Үүний арчилгааг тендерт шалгарсан компани гурван жилийн хугацаанд хариуцна. Судлаачид Их,Бага тойруу төв авто замуудын хажуугаар мөнхийн шилмүүст модыг ургуулж чадвал Улаанбаатар хотын агаарын бохирдол 30-35 хувиар буурна гэсэн. Тиймээс бид жил бүр 2000 орчим шилмүүст модоор нөхөн тарилт хийнэ. 8-10 мянган ширхэгийг тарьчихвал агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.8 байгааг 5.3 болгоно гэсэн зорилт бий. Энэ чигээрээ жил бүр 2000 орчим шилмүүст модыг ногоон байгууламжийн цогц бодлогоор нөхөн сэргээгээд явбал нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой” гэлээ.
Үүний дараа ажлын хэсгийнхэн Баянгол дүүргийн тавдугаар хороо, 10 дугаар хороолол "МТ"-ын ШТС-аас "Жаст"-ын ШТС хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд хийж буй тохижилтын ажилтай танилцсан юм. Уг тохижилтыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ, Хот тохижилт-ынхан хийж байна.
Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын туслах замын 812 метр талбайн шинэчлэл, тохижилтын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд эхлүүлсэн бөгөөд 191 автомашины багтаамжтай зогсоол, 5825 ам метр талбай бүхий зүлэг, ургамлан хашлага, гэрэлтүүлэг, явган хүний зам, хогийн сав, сандал зэргийг иж бүрнээр хийх юм. Тохижилтын ажил 80 гаруй хувьтай байгаа аж. Иргэд явган явахад зориулсан, талбайн хэсэг дунд зургаан арал бүхий хос сүүдрэвчтэй, ногоон байгууламжийн ажлыг энэ сарын 10-нд хүлээлгэн өгөх юм байна. Харин Хархорин зах, Саппорогийн автобусны буудлын орчмыг хавтангаар өнгөлжээ.
Дараа нь Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгох тохижилтын ажилтай танилцав. Энэ хүрээнд олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэргийг хийж эхэлжээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ, “Бидний төлөвлөсөн ажлын 80 гаруй хувь нь хийгдээд байгаатай сая танилцлаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор нэлээн зоригтой алхамуудыг төсвийн тодотголоор хийлээ. Баяр наадмаас өмнө эдгээр тохижилтын ажил бүрэн дуусна. Томоохон хотуудад Шөнийн гудамж гэж бий. Тиймээс залуустаа зориулан шөнийн гудамжийг тохижуулж байна” хэмээв.