Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулдаг:
Өмнөх сарын шилдгүүдээр Монгол улсын хөдөлмөрийн баатар Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Гавьяат тамирчин Дэлхийн аварга П.Орхон, Азийн аварга 3x3 сагсан бөмбөгийн Монголын шигшээ баг, 13 настай шатарчин Батсүрэн нар тодорч байсан.
Тэгвэл шинэ оны эхний сард чөлөөт бөх, цана, самбо, жюү жицү, усанд сэлэлт зэрэг олон төрлийн спортууд улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, дотоодын талбар өрсөлдөөн дүүрэн байлаа. Эдгээр тэмцээнүүдээс амжилтаараа онцгойрсон Монгол улсын усанд сэлэлтийн таван рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн, чөлөөт бөхийн бага дэлхийн аварга хэмээн нэрлэгддэг Алтан Гранпри тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн П.Орхон, тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Гантуяа, Сөүлийн нээлттэй тэмцээнд II байрт шалгарч, улмаар Өвлийн Олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг нар дэвшлээ.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах юм. Санал хураалт хоёр сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд сарын шилдэг тамирчны нэрийг 26-ны өдөр зарлах юм байна.
САНАЛ ӨГӨХ:
https://mnoc3.typeform.com/to/iRaj1N