Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Батлан хамгаалах сэргэлт” бодлого болон “Эх оронч Монгол–Их сэргэлтийн жил”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид ажиллалаа.
Ажлын хэсгийнхэн “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болон “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвийн хүрээнд яриа таниулга хийж, алба хаагчидтай нээлттэй харилцан ярилцлага өрнүүлэхийн зэрэгцээ батлан хамгаалах салбарт нийгмийн хамгааллыг дээшлүүлэхээр хэрэгжиж буй бүтээлч ажлуудын талаар ярилаа.
Ялангуяа, алслагдмал анги салбарт алба хааж байгаа нэмэгдэл, онцгой нэмэгдлээс эхлээд цалинд орж буй өөрчлөлтүүдийг онцолж, цаашид хэрэгжиж томоохон бүтээлч ажлуудын ач холбогдол, үр дүнг тодотгосон юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн ахлах багш, доктор, дэд профессор, дэд хурандаа Г.Пүрэвсүрэн нар багтсан бөгөөд тэд уулзалтын дараа цэргийн албаны орчин нөхцөлтэй биечлэн танилцлаа.
Дэслэгч Б.НОМИНЖИНГОО