УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарлаад байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулж байна вэ?
-Би УИХ-ын чуулган завсарлахаас өмнө АНУ-ын Бүгд найрамдах нам, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн урилгаар тус улсад айлчлаад ирсэн. Ардчилсан намын даргын хувиар тус хүрээлэнгийн ерөнхийлөгч болон Конгрессын таван гишүүнтэй уулзаж, ойрын үед хамтран хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцлээ. Бид 2018, 2019 оныг гишүүдээ чадавхижуулах, боловсрол мэргэжлийн түвшинг нь ахиулах ажлын жил болгон зарласан. Энэ хүрээндээ нэлээн өргөн хүрээтэй ажил хийхээр төлөвлөөд байгаагийн нэг хэсэг нь гадаад харилцаагаа хөгжүүлэх, бусад орны ардчилагчидтай илүү олон талт чиглэлээр хамтран ажиллах юм. Энэ дагуу хамтарсан сургалт, судалгаа, туршлага солилцох гэх мэт чамгүй олон ажил хэрэгжүүлэхээр тохирлоо.
-Мөн Олон улсын ардчилсан холбооны их хуралд оролцож байна гэсэн мэдээлэл гарч байсан. Ямар учиртай хурал байсан бэ?
-Олон улсын ардчилсан холбооны хурал өнгөрсөн нэгдүгээр сард Энэтхэг улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж, хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Испанийн нийслэл Мадрид хотноо болж өндөрлөлөө. Уг хуралд миний бие болоод Ардчилсан намын албаны бусад хүмүүс оролцсон. Энд нэг зүйлийг зориуд онцлоход Олон улсын ардчилсан холбооны дэд ерөнхийлөгчөөр Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар сонгогдлоо. Ерөнхийлөгчөөр нь Канадын Ерөнхий сайдаар есөн жил ажилласан Харберт гэж хүн сонгогдсон байгаа. Манай Ц.Сүхбаатар даргын хувьд өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөх, Англи, БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Хууль зүйн дэд сайд зэрэг хариуцлагатай алба хашиж явсан туршлагатай улстөрч, дипломатч хүн. Энэхүү үйл явдал нь Монголын ардчиллыг дэлхий нийт үнэлж байгаагийн нэг хэлбэр гэж хүлээн авсан.
Учир нь, Олон улсын ардчилсан холбоо дэлхийн 140 орныг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг байгууллага. Үүнээс 127 нь ардчиллын төлөөх улс төрийн намууд байдаг бол бусад нь ардчиллын үйл явцыг судалдаг, дэмждэг олон нийтийн байгууллагуудын төлөөлөл байдаг юм.
Айлчлалынхаа хүрээнд Францын Бүгд найрамдах намын удирдлагууд, Германы Конрад-Аденауэрын сангийнхантай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцоод авлаа. 2019 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохионо. Мөн энэ онд Конрад-Аденауэрын сан Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсний 25 жилийн ой тохиож байгаа. Эдгээр ойг хамтад нь тэмдэглэн өнгөрүүлэх, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх, цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлох онол парактикийн бага хурал зохион байгуулах, АНУ, Франц, Германы ардчилагчидтай хамтран гадаад дотооддоо хамтарсан сургалт зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийхээр ярилцаж тохироод ирлээ. Удахгүй эхнээсээ ажил хэрэг болоод явна.
-Намын даргын хувиар гадаадад явж байгаад иржээ. УИХ-ын гишүүнийхээ үүргийг хэрхэн биелүүлсэн бол?
-УИХ-ын гишүүний хувиар ч зүгээр суусангүй ээ. Өнгөрсөн намрын чуулганы үеэр сөрөг хүчин маш идэвхтэй ажилласан. Хэдийгээр бид УИХ-д есөн суудалтай боловч 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулиар нийт сонгогчдын 40 гаруй хувь нь бидэнд итгэл хүлээлгэж саналаа өгсөн байгаа. Энэ утгаараа сөрөг хүчин ард түмний зүгээс маш том дэмжлэгэтэй гэж хэлж болно. Үүнийгээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хангалттай харуулж чадсан гэж бодож байгаа. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр Ардчилсан намаас зохион байгуулсан “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-д намын гишүүд дэмжигчид төдийгүй ард иргэд ч идэвхтэй оролцсон шүү дээ.
-Тухайн үед жагсагчдыг автобусаар зөөж байна гэх шүүмжлэл гарсан. Үнэхээр автобусаар зөөсөн юм уу?
-Ер нь аливаа олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглааныг зохион байгуулагчид иргэдийн аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарах ёстой. Хоёрдугаарт, аливаа өдөөн хатгалга, бусдыг турхирсан үйлдлээс сэрэмжлэх хэрэгтэй. Зориуд жагсаал цуглааныг үймүүлэх, иргэдийг хууль бус үйлдэлд өдөөн хатгах үзэгдэл цөөнгүй гардаг шүү дээ. Бид “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ын ерөнхий зохион байгуулагчийн хувиар гишүүд, дэмжигчидээ бүртгэхээс эхлүүлээд олон талын аюулгүйн арга хэмжээ авсан. Эндээс харахад эсэргүүцлээ илэрхийлж, жагсаалд оролцох хүсэлтээ илэрхийлсэн маш олон хүн байсан. Бидний тооцоогоор төв талбай дээр 30-40 мянган хүн цуглахаар байсан. Энэ дунд насаараа ардчиллын үйл хэрэгт зүтгэж байгаа ахмад гишүүдээс эхлүүлээд залуучуудын идэвхи, оролцоо маш өндөр байгаа нь анзаарагдсан. Дүн өвлийн хүйтэнд ахмадуудаа хаа байсан Офицер, Шар хад, Сонгинохайрхан, Хайлааст, Чингэлтэйгээс алхуулаад байж болохгүй шүү дээ. Адаглаад гудамж талбайнхаа цасыг олигтойхон цэвэрлэчихэж чадахгүй байгаа хотын удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж халтирч унаад гэмтэх асуудал ч гарч болно. Тиймээс шаардлагатай зарим арга хэмжээ авсныг гуйвуулж байгаа хэрэг.
-Эсэргүүцлийн арга хэмжээ ингээд дуусчихсан гэж ойлгож болох уу. Дулаан оруулж байгаад дахин жагсаал хийнэ гэсэн зүйл яригдах юм?
-Эхэлж байна гэвэл зохилтой. Бид УИХ, Засгийн газарт тавьсан шаардлагадаа товч тодорхой дурдсан байгаа. Ард иргэдийн нуруун дээр ачаа болж байгаа есөн төрлийн татварыг цуцалтал тэмцлээ зогсоохгүй. Үндсэн хуульд Үндсэн хуулийн бус аргаар гар хүрэх гэж байгаатай тууштай тэмцэнэ. Тэгээд ч энэ Их хурал мордохын хазгай гэгч болсон. 60 тэрбумын асуудал бол маш ноцтой. Тийм учраас өнөөдөр эрх баригч МАН хэдийгээр УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонх ч Үндсэн хуульд гар хүрэх ёс зүйн чадамжгүй. Урин цаг ирж утаа арилж байгаа нь асуудлыг шийдчихлээ гэсэн үг биш. Засгийн газар нүүрс, зуухнаар оролдож аргацаах биш бодитой шийдэл, хөтөлбөртэй болох хэрэгтэй байна. Үүн дээр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал, шатахууны үнийн өсөлт, түүнийг дагасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудал нэмэгдэж байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүйгээр урагшилж байна. Тэгэх тусам бидэнд ашиггүй нөхцөл байдлууд үүссээр байна. Үүний эсрэг Засгийн газар, УИХ бодитой шуурхай арга хэмжээ авах ёстой. Харамсалтай нь, өнөөдөр тэгж чадахгүй байна.
-Сөрөг хүчин ч үүнд оролцох ёстой байх, тийм үү. Танай намыг гарц шийдэл хайлгүй зөвхөн шүүмжилж байна гээд байгаа л даа?
-Бид сөрөг хүчний хувиар анхнаасаа л эрх баригчдын алдаатай бодлогыг засаж, зөвийг нь дэмжээд явна гэсэн байр суурьтай байсан. Түүнийгээ ч удаа дараа илэрхийлсэн. Гэвч дэмжээд хамтраад явуулах зөв бодлого хомс байна. Асар их алдаа дутагдал, төрийн үүрэх ёстой ачааг ард иргэддээ үүрүүлсэн ядмагхан шийдвэрүүд олныг гаргалаа. Үүнийг засаж залруулахын төлөө Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлэг тууштай ажиллаж байна. Цаашдаа ч ажиллах болно.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны зээлийн барьцаанд тавьсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Би хоёр жил орчмын өмнөөс л “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой янз бүрийн шахаа, хууль бус арилжаа наймааны асуудал яваад байна шүү гэж анхааруулсан. Тэр бүү хэл нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалтны хүү, танил талтай холбоотой шахааны асуудлыг баримтаар дэлгэж тавьсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадаадын банкинд зээлийн барьцаанд тавиад туучихсан юм биш үү. Английн Арбитрийн шүүх дээр шийдвэр нь гарсан сураг дуулдаад байна. Энэ асуудал дээр анхаараач ээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийг хамтад нь шалгах ажлын хэсэг байгуулъя гэж УИХ-ын чуулган дээр удаа дараа горимын санал гаргаад дэмжигдээгүй. Тухайн үед “Эрдэнэт” дээр дүлий дүмбэ оргиж суусан хүмүүс өнөөдөр их чанга дуугаар энэ асуудлыг ярьж байгааг гайхаж л сууна. Ер нь эцсийн дүндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал явж явж бидний дотоод асуудал байж. Аль нэг компани авна уу, төр засаг нь авна уу эцсийн дүндээ Монголдоо л үлдэх баялаг. Харин 51 хувийн асуудлыг зориуд орхигдуулж 49 хувийг улстөржүүлж байсны цаана үндэсний аюулгүй байдалд харш маш том хуйвалдаан явж байсан нь ил болж байна. Жилийн өмнө УИХ-аас 49, 51 хувийг хамтад нь шалгах ажлын хэсэг гаргая гэж байхад миний үгийг сонссон бол адаглаад маш их хэмжээний хүү, алданги төлөхгүй хэмжээнд асуудлыг шийдэж болохоор байлаа.
-Чуулган завсарлачихсан байна. Одоо УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгахад оройтсон уу. Ер нь энэ асуудалд хариуцлага хүлээх хүмүүс нь олдох болов уу. Гарын үсэг зурсан гээд л нэрс байх юм?
-Аливаа асуудлыг шалгахад оройтно гэж байхгүй. Шалгах ёстой бол шалгах л ёстой. Хэн нь ямар үйлдэл хийсэн юм. Өнөөдөр нэр нь сонсогдоод байгаа тэр хүмүүс үнэхээр гэм буруутай юм уу, үгүй юм уу гэдгийг шалгах ёстой. Тэр хүмүүс ч өөрсдөө сайн дураараа шалгуулах хэрэгтэй. Түүнээс бие бие рүүгээ чулуу шидэж, худлаа улс төржүүлээд байж болохгүй. Эсвэл үүнийг ямар нэг шашин ном, хүний хувь тавилан, үйлийн үрийн асуудал болгож маазруулаад байж болохгүй л дээ. Тэр шашин номын асуудал нь тусдаа, төрийн ажил нь тусдаа явах ёстой.
-Таныхаар бол ямар хүмүүс хариуцлага хүлээх ёстой?
-Ний нуугүй хэлэхэд, тухайн үед хэн төр засгийн эрхийг барьж байсан юм. Хэнд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь дээр шийдвэр гаргах эрх мэдэл нь байсан юм. Бүгд л тодорхой байгаа шүү дээ. Ийм байхад асуудлыг өөр тийш нь хазайлгаж, хаа хамаагүй асуудал руу чиглүүлж олон нийтийн анхаарлыг сарниулах оролдлого хийгээд байх нь утгагүй. Эрх бүхий хүмүүс зориудаар ийм үйлдэл хийж байгаад харамсч байна. Энэ хооронд нь тэр идсэн уусан, завшсан хүмүүс нь цаг хожоод, ул мөрөө баллаад хэргээс мултраад явлаа шүү дээ. Хуулийн байгууллага энэ асуудал дээр маш хариуцлагатай хандах хэрэгтэй.
-Таны харж байгаагаар энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол?
-Өнөөдөр дан ганц “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал дээр ч биш эрх барьж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд бүрэн дүүрэн дүгнэлт хийх цаг нь болсон байна. Сүүлийн үед гадаад өр, зээл тамтгаа алдлаа. Юун нөгөө биднийг гоочлоод байсан Чингис бондын 1.5 тэрбум доллар. 2016 онд 22.5 тэрбум долларын гадаад өртэй байсан улс хоёрхон жилийн дотор 26-27 тэрбум долларын өртэй болсон байна. Үндсэндээ 1.7 жилийн дотор тавьсан өрийн хэмжээ нь Чингис бондын хэмжээнээс даваад явчихлаа. Тэгээд ямар ч бүтээн байгуулалт байхгүй, ямар ч хөрөнгө оруулалт байхгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн санхүүжилт ч байхгүй. Тэр их мөнгийг юунд зарсан нь мэдэгдэхгүй алга болчихлоо. Энэ их хэмжээний гадаад өр зээлийг ямар зорилгоор авсан юм. Юунд зарцуулсан юм бэ. Тэр бүхэн тодорхойгүй байна. Тиймээс эрх баригчид энэ асуудлаар ард түмэндээ тайлангаа тавих цаг нь болсон. Энэ ойлгомжгүй, нууц далд аргаар явж байгаа асуудлууд чинь эргээд улс үндэстний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрлээ шүү дээ.
Эсрэгээрээ 2012-2016 онд Ардчилсан нам эрх барьж байхдаа авсан Чингис бондын 1.5 тэрбум долларын тайлан бүгдэд ил байгаа. Хаана хэнд ямар санхүүжилт өгөв, урт богино хугацааны зээлээр ямар бизнесийг дэмжив. Зээл авсан аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид түүгээр нь юу хийсэн юм. Хэн нь зээлээ эргэн төлөв, хэн нь төлөөгүй байна гэх мэт бүх зүйл нь ил байгаа. Тиймээс бид Чингис бондын зарцуулалтын тайланг нэгд нэгэнгүй дахин ард түмэндээ дахин тайлагная гэж бодож байгаа. Нөгөө талаас Ардын нам ч сүүлийн хоёр жилд авсан их өр, зээлээрээ юу хийснээ тайлагнаг. Эндээс ард түмэн хэн нь юу хийснийг хараг, мэдэж аваг. Жишээ нь, та энэ их өр, зээлээр МАН ямар бүтээн байгуулалт хийв, хаана хөрөнгө оруулсныг мэдэж байгаа юу
-Танай намын авсан зээлийг төлөх гэж үйлээ үзэж байна гэдэг. Улс мөнгөгүй болохоор хийж бүтээсэн ажил нэг их гараагүй байх...
-Ийм л байна шүү дээ. Энэ их мөнгийг хаанаас аваад юунд зарцуулав гэдэг нь тодорхойгүй. Хүнд хэлэхгүйгээр хүний өмнөөс зээл аваад түүнийгээ юунд зарцуулсныгаа нууж байвал энэ хулгай, залиланд тооцогдоно. Үгүй ядаж эдийн засгаа зөв голдрилоор нь авч явж, ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлмөөр. Гэтэл яав. 2012-2016 онд ард түмэн мах, гурил, бензиний үнийг мартсан байсан. Нөгөө муу хэлээд байсан Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн л ач шүү дээ. Одоо өөрсдөө яаж байна. Бензиний үнээ ч зохицуулчихаж чадахгүй. Махны үнэ хэд хүрчихэв. Өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Инфляц хоёр оронтой тоо давчихлаа. Гайхуулаад байгаа эдийн засгийн өсөлтөө инфляцын өсөлтөд идүүлээд байгаагаа ярихгүй байна. Ийм л юм болоод байна даа.
-Таны санаачлаад байгаа Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг хязгаарлах, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?
-Ерөнхийдөө сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд судалгаа, шинжилгээ, хуулийн төсөл боловсруулах, олон нийтийн санал бодлыг тусгах гэсэн чиглэлээр ажил өрнөлөө. Чуулганы завсарлахын өмнөхөн Засгийн газрын саналыг авахаар хүргүүлсэн байгаа. Хуулийн дагуу 30 хоногийн дотор Засгийн газар хариу өгөх ёстой. Засаг хариугаа өгсний дараа хуулийн төслөө өргөн барих товоо тогтоолгоно. Миний төлөвлөж байгаагаар хаврын чуулган эхлэхээс өмнө өргөн барина. Ер нь эдийн засгийг хөгжүүлэх, баялаг бүтээх, ялангуяа баялаг бүтээж байгаа хэсгийг дэмжихэд энэ хууль үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр Монгол Улсад хөрөнгийн зах зээл олигтой хөгжиж чадахгүй байна. Үүний нэг чөдөр тушаа нь өнөөгийн банкны тогтолцоо. Иргэдийн мөнгөн урсгал, хуримтлал банкууд дээр гацаж байгаа явдал. Өндөр хүүтэй хадгаламж, түүнээс өндөр хүүтэй зээлийн хүү хөрөнгийн зах зээлийг хөгжихөд асар том саад тушаа болж байна. Нөгөө талаас банк санхүүгийн байгууллагуудын зарим нь үндсэндээ мөнгө хүүлэгч болж хувирсан. Энэ бүх гажуудлыг эрх зүйн хувьд засч залруулах, бодит байдал дээр үүсээд байгааг гаж тогтолцоог даруйхан засах хэрэгтэй. Цаг алдаж болохгүй.
Эх сурвалж:Өдрийн сонин