Бага насны хүүхдүүд уушгины хатгалгаагаар өвчлөх нь элбэг байдаг. Тиймээс нийслэлийн бүх дүүргүүдэд өнгөрсөн долоо хоногоос эхлэн хатгалгааны эсрэг вакцин хийж эхэлжээ. Ингэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2,4,9 сартай хүүхдүүдэд гуравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн пневмоккийн эсрэг 13 цэнт вакциныг хийж эхэлсэн юм. Уг вакцин нь бага насны хүүхдийн дархлааг сайжруулж, уушгины хатгалгаа тусахаас урьдчилан сэргийлэх ба дунд чихний үрэвслээс хамгаалах өндөр ач холбогдолтой гэнэ.
Манай улсын хувьд жилд 0-5 насны 27 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр хүүхдийн 10-аад мянга нь амьсгалын замын өвчнөөр өвчилдөг бол, дөрвөн мянга орчим нь уушгины хатгалгаагаар өвддөг гэсэн судалгаа байдаг. Үүнээс харахад, хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгааны нэгд уушгины хатгалгаа орж байгаа юм.
Дэлхийд жил бүр 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд уушгины хатгалгааны шалтгаантай нас баралт 1.8 сая бүртгэгдэж байгаагийн 541 мянга гаруй нь “Стрептококк пневмони” хэмээх нянгийн халдвараас шалтгаантай аж. Гэтэл, энэ нян нь 0-2 настай хүүхдийн уушгинд агуулагдаж байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Харин манай улсад энэ вакцин харьцангуй сүүлд орж ирсэн бөгөөд 2014 оны байдлаар дэлхийн 95 улс уг вакциныг нэвтрүүлэн хэрэглэж байгаа юм. Вакциныг одоогоор Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд хийж байна.
Ингэхдээ эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд хийж байна. Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдаж буй хүүхдүүд харьцангуй цөөн байна гэдгийг өрхийн эмч нар хэлж байлаа. Учир нь зөвхөн 2018 онд төрсөн хүүхдийг вакцинжуулалтад хамруулах гэнэ. Уг вакцины зардал санхүүжилтэд улсын төсвөөс нэг тэрбум гаруй төгрөг төсөвлөгджээ.