Швейцарын холбооны улсын Женев хотноо ОУПХ-ны ассамблейн 138 дугаар чуулган энхтайван, хүний эрхийн чиглэлээр энэ сарын 24-28-нд хуралдаж байна. Чуулганд 140 гаруй орноос 1600 орчим гишүүн оролцож байгаа аж. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын их хурлыг төлөөлж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, О.Баасанхүү нар оролцож байгаа юм байна.
Чуулганы хоёр дахь өдөр буюу өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны гишүүнээр Ази, Номхон далайн орнуудын бүлгээс албан ёсоор нэр дэвшиж, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. ОУПХ нь Ассaмблeйн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий дөрвөн байнгын хороо, хоёр хороотой бөгөөд байнгын хороод бүрт 10 гаруй гишүүн сонгогддог юм байна.
Дашрамд дуулгахад, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны 156 дугаар хурлаар Монголын улстөрч, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг улстөрийн захиалгаар хороосон гэх хэргийг шийдсэн шүүхийн процесс болон түүнтэй холбоотой хүний эрхийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж дүгнэлт гаргасан байна.