1968 оны Олимпийн мөнгөн медальт, 1967 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбат энэ сарын 09-нд 76 насандаа өвчний улмаас таалал төгссөн билээ.
Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төржээ. Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Түүний өмнө Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн билээ.
Энгүй их хүчтэн та эх орныхоо хөрсөнд амгалан нойрс доо. Ум сайн амгалан болтугай.