"Монголын Альфард, Вэллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-аас Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн дотуур байрны сурагчдыг Манзуширын хийдтэй танилцуулах сайн үйлсийн аяныг өнгөрсөн ням гарагт зохион байгууллаа.

29 дүгээр тусгай дунд сургуулийн дотуур байрны багш Б.Эрдэнэбаяр ярихдаа, “Манай сургууль  “Мөрөөдлийн аялал”  арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь 2015 онд анхны аяллыг зохион байгуулсан. Нэг жил өнжсөн. Харин энэ удаа бид  “Монголын Альфард, Вэллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-д хандсанаар дотуур байрны 130 орчим хүүхэд Манзуширын хийдтэй танилцлаа. Арга хэмжээнд дотуур байрны багш нар оролцсон. Үйл ажиллагаа төсөөлж байснаас илүү сайхан болж өнгөрлөө. Хүүхдүүд маань маш сэтгэл өндөр байна. Дотуур байрны хүүхдүүд  сургууль, байр гэсэн  маршруттай байдаг учир агаар салхинд гарч түүх дурсгалын газартай танилцаж байгаад тааламжтай байна.  Мөн эл арга хэмжээнд  “NBA Talk” нэвтрүүлгийн залуус хүүхдүүдэд ус ундаа бэлдэж өгсөн. Биднийг дэмжиж хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье” гэлээ.

“Монголын Альфард, Вэллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Чинзориг, “Дөрвөн жилийн өмнө манай клуб байгуулагдсан. Жилд 2-3  сайн үйлсийн аяныг зохион байгуулж оролцдог. Энэ удаагийн сайн үйлсийн хүрээнд  29 дүгээр тусгай дунд сургуулийн дотуур байрны сурагчдыг Манзуширын хийдтэй танилцах “Мөрөөдлийн аялал-2” арга хэмжээг хамтран зохион байгууллаа. Манай клуб фэйсбүүкт 24 мянга орчим, альфард болон вэллфайр машин эзэмшигч  365  гишүүнтэй. Өнөөдрийн үйл ажиллагаанд 26 альфард машинтай залуус хүүхдүүдэд унаагаар үйлчиллээ. Эдгээр залуус маань өөрсдөө бензин шатахуунаа хийгээд явдаг. Манай клуб жилдээ 4 арга хэмжээ зохион байгуулдаг.  Өвлийн аялал, мөсний баярыг нэрлэж болно. Альфард машинтай хүмүүс клубын зохион байгуулалтад орсноор олон талын ач холбогдолтой. Наад зах нь аж ахуйн нэгжүүдээс бөөндөө тосоо хямдралтай үнээр солиулдаг. Машинд эвдрэл гарах, зарах, авахад мэдээлэл солилцох бие, биендээ туслахаас эхлээд амь нэгтэй. Гишүүнчлэлийн хувьд нээлттэй. Машин тэргээ зарж сольсон ч гэсэн ТББ дээрээ гишүүнчлэл нь хэвээр үлдэнэ. Гол нь энэ нэгдэл маань машин гэхээсээ илүү хүн рүү чиглэдэг учраас өгөөжтэй байдаг” хэмээв.