Норвегийн Тусламжийн Байгууллага, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд тохирсон хөгжлийг дэмжих зорилго бүхий уг төслийн анхны баримт бичиг болох хоёр талын саналыг тусгасан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурагдлаа. Тодруулбал, Норвегийн Тусламжийн байгууллагаас Баян-Өлгий аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү төслийн хүрээнд хоёр тал аймагтаа амьдарч буй нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийг тодорхойлж, тэдний болон гэр бүлийн хэрэгцээг тогтоон дэмжлэг үзүүлэх ажээ.
Тэрбээр өнөөдөр аймгийн удирдлагууд Норвегийн тусламжийн байгууллагын Монгол улс дахь суурийн төлөөлөгч Биорн Сорхус болон төслийн удирдагч Н.Сосорбарам тэргүүтэй төлөөллүүдийг хүлээн авч уулзаж хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан 2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах тодорхой зорилтуудыг тусгаж хэрэгжилтийг нь ханган ажиллаж байгааг онцлон дурдаж, төслийн багийн гишүүдэд талархал илэрхийллээ. Дашрамд дуулгахад, Норвегийн тусламжийн байгууллага нь 2010 оноос эхлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх тухай 1 болон 2 дугаар шатны төслийг амжилттай хэрэгжүүлж нийт 2 тэрбум 832 сая 850 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна.