Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Даян Дэлхийн Гамшгийн Эрсдэлийг Бууруулах, Сэргээх Сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий Дэлхийн Банкны шинэ техникийн туслалцааг эхлүүлж байгаа юм.
Хотын гудамж, зам, гүүр, уулзвар зэргээс бүрддэг авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент тааруу мөн урт хугацааны төлөвлөлт дутагдалтай байснаар хотын авто замын сүлжээний засвар, арчлалтын хязгаарлагдмал төсөвтэй Нийслэл хотоос иргэдэд хүргэх авто зам, тээврийн үйлчилгээний чанарт нөлөөлж байна. Мөн одоо ашиглаж буй авто зам, тээврийн дэд бүтэц гэнэтийн үер, шуурга, өвлийн улиралд авто замын мөстөлт зэрэг цаг ууртай холбоотой аюулт үзэгдэлд өртөмтгий байгаа нь хотын зам тээврийн үйлчилгээний чанарт нөлөөлж, энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтыг хэрэгцээг нэмэгдүүлж байгаа юм.
“Хотын гол судас болох зам, тээврийн дэд бүтцэд сайн менежмент болон урт хугацааны төлөвлөлт хийх нь Нийслэлийн эрүүл саруул хөгжилд нэн чухал ач холбогдолтой. Дэлхийн Банк, үндэсний болон орон нутгийн холбогдох байгууллагуудад хотын зам, тээврийн хөрөнгийг төлөвлөх, зохион байгуулах чадавхийг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлж байгаа ба цаашид ч төрөөс иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулахад Монгол Улсад тууштай дэмжлэг үзүүлнэ,” гэж Дэлхийн Банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ.
Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П. Баярхүү Өнгөрсөн хугацаанд Нийслэлээс авто зам, тээврийн салбарт олон тооны хөрөнгө оруулалтын төслийг санаачлан, хэрэгжүүлсэн. Манай улс эрс тэрс уур амьсгалтайн дээр цаг уурын аюулт үзэгдлүүд нэмэгдэж байгаагаас хотын авто зам, тээврийн дэд бүтэц хурдан элэгдэх эрсдэлд орж байдаг. Дэлхийн Банкнаас үзүүлж буй энэ техникийн туслалцаа нь хотын авто зам, тээврийн хөрөнгийн менежментийн чиглэлээр ажилладаг албадаас гадна уг дэд бүцтийг өдөр тутмын амьдралдаа ашигладаг нийт иргэдэд тустай, цагаа олсон туслалцаа болж байна” гэв
Хамтын ажиллагааны хүрээнд хотын авто замын хөрөнгийн ангилал, үндсэн мэдээллийг агуулсан хөрөнгийн тооллого, бүртгэлийн системийг бий болгоход Дэлхийн Банкнаас Нийслэлд туслалцаа үзүүлнэ.
Мөн Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтай авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн төлөвлөгөөний эхний үе шатыг боловсруулахад туслах аж. Уг төлөвлөгөө нь уур амьсгалын өөрчлөлтийн даван туулах, дасан зохицох чадавхийг сайжруулахад нэн тэргүүнд шаардлагатай засвар, арчлалтыг хийхэд чиглэсэн хотын авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежментийн урт хугацааны төлөвлөгөө байх юм байна.