УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авлаа. Завсарлага авах асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "
Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийн асуудлаар нэлээн олон төрийн өмчийн компаниуд хувьчлахаар орж ирж байна. Үүнд анхаарал татсан олон асуудал байна. Тухайлбал, Төрийн банкыг жилд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байхад нь яагаад ингээд гэнэтхэн хувьчлах болчихов. Хувьчлах үнийн дүн ч асуудалтай байна. Монголын хөрөнгийн бирж 2015, 2016 онд дөрвөн тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Гэтэл 2017 онд гэнэт 233 сая төгрөгийн алдагдалтай болгоод, хувьчлах тухай асуудал оруулаад ирэв ээ. МИАТ-ийн хувьчлалын тухай өнгөрсөн жил МИАТ 20 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байхад өнөөдөр яагаад гэнэт 38 тэрбум төгрөгөөр нэг хэсгийг нь шууд стратегийн гэдэг нэрийн дор худалдах шийдвэр гаргах гэж байгаа юм. Төрийн өмчийг хувьчлах асуудалд энэ мэт маргаантай сэдэв их байгаа учир Ардчилсан намын бүлэг бүлгийн хурлаараа авч хэлэлцэх учиртай. Тиймээс энэ асуудлаар тав хоногийн завсарлага авна. Бид завсарлага авах хугацаандаа хувьчлах гэж байгаа байгууллагуудын талаар хоёр талын мэдээллийг сонсоно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээллийг сонсоно. Ирэх даваа гарагт асуудал болгож холбогдох байгууллагуудтай ярилцаж, эцсийн шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ. Ингээд байнгын хорооны дарга уг асуудлаар Ардчилсан намын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө.