УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хувьцаа эзэмшигчдийн асуудлыг тодруулсан юм. Тэрбээр "Тавантолгой өнөөдөр ашигтай ажиллаж байгаа. Нүүрсний уурхайн технологийг монголчууд өөрсдөө ашиглаж, хэрэглэж чадаж байгаа. Тиймээс энэ компанийг гадныханд 30 хувь гээд хяналтын багцгүй IPO гаргаад, тэрийг нь худалдаж аваад илүү үр ашигтай ажиллана гэсэн ямар тооцоолол хийсэн юм. Нүүрсний үнэ өссөн энэ үед бид Тавантолгойн нүүрсийг тонныг нь 60 ам.доллароор борлуулж байгаа. Гэтэл та нарын оруулж ирж байгаагаар бол ойролцоогоор хоёр тэрбум тонн нүүрсийг 1.5-1.6 ам.доллароор гадныханд өгье гэж яриад байна. Хэрвээ бид үндэсний компаниа өөрсдөө авч явж чадвал үүнийгээ 120 тэрбум ам.долларын борлуулалт болгож болно. Тэгвэл 120 тэрбум ам.долларын борлуулалтыг 1.5-1.6 тэрбум ам.доллароор өнөөдөр заавал зарах онцгой нөхцөл үүсээгүй гэж харж байна. Тавантолгой цорын ганц ард түмний компани учраас үүнийг гадныханд худалдаж, хувьчлах шийдвэрийг гаргаж байгаа л юм бол хувьцаа эзэмшигчдийн буюу сая гаруй хүний саналыг яаж авах юм. Энэ асуудал маш бүрхэг байна.
Бид өнөөдөр оператор компаниудыг ажиллуулаад, ашигтай ажиллаж чадаж байгаа. Эдгээр компаниудын ихэнх нь үндэсний компани. Хэрвээ IPO гаргаад гадаадын компанийг оруулж ирвэл үндэсний компаниуд ажилгүй болж болох ч эрсдэл үүснэ. Үүнээс яаж хамгаалах юм. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн тухайд мөн л Тавантолгой компанийн хууль явж байгаа. Тавантолгой компанийг нийтийн өмч болгож үндэсний том компани болгоод, ямар хэлбэрээр хувьчлах хийх эсэх асуудлыг шийдэх хууль байгаа. Үүнийг Ардчилсан нам зарчмын хувьд дэмжсэн. Тэгвэл одоо оруулж ирж байгаа тогтоолоо Уул уурхайн яамныхан Ерөнхийлөгчтэй ярилцаж ойлголцож, уялдуулж чадсан юм уу.
Өнөөдөр орж байгаа энэ тогтоол чинь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Газрын доорх баялаг ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийг заалт байгаа. Тэгвэл энэ чинь IPO гаргаж, газрын доорх баялгийн үнэлгээгээр хийгдэж байгаа хувьчлал. Өөрөөр хэлбэл, та нар газрын доор байгаа хоёр тэрбум тонн нүүрсээ гадныханд хувьчлах л санаа оруулж ирж байна. Энэ нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэх эсэхт хариулт өгөөрэй.
Одоо орж ирж байгаа тогтоолын төсөл чинь 2010 оны 39 дүгээр тогтоолын төсөлтэй агуулгын хувьд яг ижил. Тиймээс өмнөх 39 дүгээр тогтоолоо нэг дүгнэж үз. 39 дүгээр тогтоолоо дүгнэж үзээгүй байгаа хэрнээ давхар Тавантолгойн асуудлаар ийм тогтоол орж ирж байгаа нь зарчмын хувьд буруу. Одоо 30 хувь дээр IPO хийхэд хөрөнгө оруулагчид орж ирнэ гэсэн баталгаа хаана байгаа юм бэ. Манай бүлэг ирэх даваа гарагт /2018.06.22/ эргэж нягталж сайтар ярилцаад, эцсийн шийдвэрээ гаргана" гэлээ.