Норвегийн Тусламжийн байгууллагаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих бэлтгэл төсөл”-ийг 2018-2019 онд Баян-Өлгий Ховд аймгуудад хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү бэлтгэл төслийн хүрээнд дээрх хоёр аймагт амьдарч буй нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийг тодорхойлох, тэдний болон гэр бүлийн хэрэгцээг тогтоох суурь судалгааг хийх юм.
Суурь судалгааг үр дүнтэй бодит явуулахын тулд судалгааны баг бэлтгэж, аргазүйгээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар адил тэгш мэдлэг ойлголттой болгох зорилгоор орон нутгийн шийдвэр гаргагчид, мэргэжилтнүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих орон нутгийн төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, мэргэжилтнүүдийг чадваржуулах 3 хоногийн сургалт Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна.
Сургалтанд төсөл хэрэгжих аймгуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн удирдах зөвлөлийн гишүүд, орон нутгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны идэвхтэн гишүүдээс бүрдсэн нийт 30 гаруй төлөөлөл оролцож байгаа ба сургалтын чиглүүлэгч багшаар Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбооны захирал С.Сэлэнгэ, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжлийг Дэмжих төслийн зохицуулагч Б.Цогбаяр нар ажиллаж байгаа бөгөөд Хөгжлийн хоцрогдол ба хөгжлийн бэрхшээлийн талаар, түүнийг танин мэдэх арга, дэлхий нийтийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ, нөхцөл байдлыг тодорхойлоход анхаарах асуудлуудын талаар оролцогчдод мэдээлэл өгч ажиллах юм.