Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх тухай тусгасан. Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 онд нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Өлгий хотын 1986 онд ашиглалтанд орсон өдөрт 2700м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий хуучирсан цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар тусгай заалт орсон байдаг. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын яам аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, гүйцэтгэх ажлаа эхлүүлэд байгаа билээ.
Энэ хүрээнд нийт өртөг нь 10 тэрбум 350 саяаар Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Баян-Өлгий аймагт цэвэрлэх байгууламж шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажил хийгдэхээр болж өнөөдөр шав тавих ёслолын ажиллагаа боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Хавыл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилга, хот байгуулалтын Төрийн Захиргааны удирадлагын газрын дарга У.Отгонбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат, Суат ХХК-ны захирал Ж.Адалбек нар болон ард иргэд оролцов.
Урт хугацааны турш яригдсаар ирсэн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн тухай асуудал ийнхүү нэг шийдэлд хүрсэн ба цэвэрлэх байгууламжийг 2020 оноос өмнө барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөгдсөн байгааг холбогдох салбарын хүмүүс онцоллоо.