"Газрын харилцаа, барилга, нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн - 2018" эхэллээ

"Газрын харилцаа, барилга, нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн - 2018" өнөөдөр Баян-Өлгий аймагт эхэллээ.

Тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Хавыл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон 21 аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга, мэргэжилтэн, байрилгын салбарын ажилтнууд оролцож байна.

Тэрбээр зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хийж “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Гурван тулгуурт хөгжлийн бодлогод Барилга, хот байгуулалт, газрын харилцаа, нийтийн аж ахуйн чиглэлээр Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг эрүүл мэнд, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах зэрэг ажлууд тусгасаныг онцолж цаашид ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Үүний дараа аймгийн Засаг дарга А.Гылымхан Баян-Өлгий аймагт хийгдэж буй Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилт, хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, цаашдын зорилтын талаар илтгэл тавьж зөвлөгөөний үйл ажиллагаанаас амжилт хүсэв.

Зөвлөгөөнөөр барилга, нийтийн аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлого, шинэчлэл, төрийн байгууллагуудын хийж гүйцэтгэсэн ажил, төлөвлөсөн ажлууд, салбарт тулгарч байгаа асуудал “Барилгын тухай” хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан гарсан тогтоол, шийдвэрийн талаар хэлэлцэж санал солилцох юм.

Мөн хөндөгдсөн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөнд оролцогчид хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажиллахаар болов.