УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаар эзгүй байгаа. Тиймээс УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж байгаа юм. Тэрбээр хурал даргалахдаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй байнга маргалдаж, элдэв хоёроороо хэлэлцэж байгаа. Тухайлбал, өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "О.Баасанхүү асуулт асуучихаад нэг бол гараад явчихна. Нэг бол утсаараа тоглоод суучих юм. Зовлонтой юмаа" хэмээн бухимдсан. Үүний хариуд УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Техник технологи хөгжчихсөн цаг. Би утсан дээрээ юм тэмдэглэж байна. Индэр дээр суулаа гээд элдэв юм ярих хэрэггүй шүү. Зүгээр аятайхан байгаарай" гэдэг тайлбар хийгээд авсан. Гэтэл өнөөдрийн хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүнийг хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл ярьсан хэмээн бухимдаж "О.Баасанхүү чи өглөө бүр "эм"- ээ сайн ууж бай" хэмээн доромжлоод авлаа. Эсвэл үнэхээр О.Баасанхүү гишүүний ухаан санаа асуудалтай болоод эм ууж байгааг эрхэм гишүүн мэддэг болоод тэгэж хэлээд байна уу.
Хэт олонхи буюу 65-ын бүдүүн бүлэг бүхий "унтаа" чуулганы хуралдааныг харин нэг "сэрээдэг" гишүүнийг ийнхүү басамжилж байгаа нь туршлагатай улстөрчийг муухай харагдуулж байгаа гэдгийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдмээр л юм даа.