Манай улсад хууль бусаар мод бэлтгэдэг байдлыг 2010 онтой харьцуулахад 4 хувиар буураад байгаа боловч энэ талын зөрчил жилээс жилд арилаагүй гарсаар байна.
Хууль бусаар мод бэлтгэвэл 2-5 жилийн хорих ял оноож хохирлын хэмжээнээс үл хамаарч Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцож хүлээдэгийг МХЕГ-аас анхааруулж байна.
Иргэн хүн ойгоос мод бэлтгэж ашиглахдаа зөвхөн тухайн орон нутгийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авч түүнийхээ дагуу зөвшөөрсөн ойн ашиглалтын бүсийн газраас ойн цэвэрлэгээний журмаар мод бэлтгэж ахуйн хэмжээнд хэрэглэх хуулийн заалт бий.
Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт ашиглалтын бүсийн ой ордог. Ийм бүсэд түлээ түлш бэлтгэж ахуйдаа хэрэглэхэд 50 км хүртэл газарт шинэс, нарс модыг 2280 төгрөгийн төлбөр төлж түлээний мод бэлтгэх боломжтой. Зөвшөөрөлгүйгээр ойн дагалдах баялаг, ойгоос мод бэлтгэсэн иргэнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээгээр, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хохирол хамаарахгүйгээр Эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн хэргийн шугмаар шийдвэрлэдэг болоод байна.
Иймд иргэн, ААН байгууллагыг Ойн тухай хуулийн хүрээнд хуулиа биелүүлж эрхийн бичиг, зөвшөөрөлтэйгээр ойгоос мод бэлтгэж ашиглахыг МХЕГ-аас сануулж байна.