Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өнөөдөр эхний хагас жилийн тайлангаа танилцуулав.
Эхний хагас жилд 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэхдээ, “Манай компани 2010 онд байгуулагдснаас хойшхи хугацаанд нийгэм, эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, хямралуудтай нүүр тулж, нүүрсний үнийн уналттай хэд, хэдэн удаа нүүр тулж ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч байсныг та бүхэн мэднэ. Мөн улстөрчдийн шийдвэрийн хүрээнд компанийн зарим гэрээ, олборлолт, үйл ажиллагаа хүртэл зогсож байсан үе бий. Тэгвэл өнөөдөр бид энэ бүх хүндрэл бэрхшээлийн ард гараад байна. Өөрөөр хэлбэл бидний өмнө санхүүгийн боломж, том ирээдүй хүлээж байна. Монгол Улсын 3 сая иргэнийг төлөөлсөн компани үүргээ хангалттай биелүүлж байгааг та бүхэн өнөөдрийн тоон үзүүлэлтээс харах боломжтой” гээд “ЭТТ” ХК энэ оны эхний хагас жилд 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 2018 оны баталсан төсвийн орлого 1.26 их наяд төгрөгийн 78 хувийг нь хагас жилийн үзүүлэлтээрээ хийжээ. Мөн улсын төсөвт төвлөрүүлэх 285.4 тэрбум төгрөгийн үүрэг хүлээснээс 216.5 тэрбум төгрөгийг хагас жилд оруулснаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, 110 хувийн гүйцэтгэлтэй ажиллаад байна. 2017 онд төвлөрүүлсэн 253.3 тэрбум төгрөгөөр ТОП-100 ААН-ийн хоёрт жагсан амжилттай ажилласан бол энэ онд мөн адил хагас жилд 90 хувийн ажлаа гүйцэтгэж улсад оруулах өгөөж жил бүр өсөн нэмэгдсээр байгааг онцлов. Ингэснээр “ЭТТ” ХК өөрийн шууд хамаарал бүхий төслүүдийнхээ зохих хэсгийг өөрөө санхүүжүүлэх чадавхитай болж ирж байгааг илэрхийлэх аж. Дээр нь “ЭТТ” ХК 1072 хувьцааг амилуулах эдийн засгийн суурь нөхцлийг бүрдүүлж чадлаа хэмээн удирдлагууд нь тодотголоо. Эдийн засаг, санхүүгийн ийм нөхцөл байдал дээрээ үндэслээд компани өөрийн төсөл хөтөлбөрүүдээсээ хэрэгжүүлэх боломжтой болжээ. Энэ нь компанийн үйл ажиллагаа дэлхийн хэмжээнд санхүүгийн хувьд чадавхитай болох нь харагдаж байна гэв.
Нүүрс олборлолтоо 2 сая тонноор давуулжээ
Дээрх ашиг орлого нүүрсний үнэ дээр тогтож буй бөгөөд өнгөрсөн хугацаанд үнийн 2 төрлийн аргачлалыг хэрэглэж, БНХАУ-ын “Чалко трейдинг Хонгконг” компанитай гэрээ байгуулсан. Он гарснаас хойш 59.33 ам.доллар байсан нэг тонн нүүрсний үнийг 61.0 ам.доллар болгон үнийг 2 ч удаа өсгөжээ. Ингэхийн тулд үнэ тогтоох 4 аргачлал бүхий аргыг 2018 он хүртэл хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ оноос 5 дахь индексийг оруулсан нь төрийн өмчит компаниудын үнийг тогтооход дөхөм болжээ. Хамгийн гол нь суурь үнийн бодлогын зохицуулалтыг бий болгож чадсан байна. Суурь үнийг 61.0 ам.доллараар тогтоож энэ үнээс буухгүйгээр, эдийн засгийн ямар нэг хүндрэлтэй байдал үүслээ гэхэд нүүрсний үнийн огцом уналтаас сэргийлсэн гэв.
Харин эдийн засаг санхүү сайн байгаад нүүрсний үнэ өссөн нөхцөлд тэр өссөн үнийн дүнгээ авах юм. Энэ нь нүүрсний үнэ тонн нь 61.0 ам.доллараас буухгүй, түүнээс дээш байна гэсэн үг. Хоёрт, баруун Цанхийн болон бусад ордын нүүрсээ нээлттэй сонгон шалгаруулалтаар худалдаж буй юм. Энэ онд нэг тонн нь 68 ам.доллар байсан нээлттэй сонгон шалгаруулалтын үнийг 69-70 ам.доллараас дээш тогтоосон. Энд 1-2 ам.долларын зөрүүтэй 2 том тоо харагдаж буй ч зөвхөн эндээс 12 сая ам.доллар буюу 34 тэрбум төгрөгийн асуудал хөндөж байгаа юм. Өмнө нь 68 ам.доллар байсан гэрээнүүдийг бүгдийг нь 70 ам.доллар болгосон. Ингээд энэ оны эхний хагаст 4.9 сая тонн нүүрс олборлох байснаас 5.1 сая тонн нүүрс олборлож 51 хувиар давуулан биелүүлжээ. Эхний хагас жилд 6.8 сая тонн нүүрс экспортолж 64 хувиар мөн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Ийнхүү БНХАУ-ын “Чалко трейдинг Хонгконг” компанитай зах зээлийн эрсдэл, үнийн уналтаас хамгаалсан суурь үнийн зохицуулалтыг тохиролцож, 59.33 ам.доллар байсан нэг тонн нүүрсний үнийг 61.0 ам.доллар болгон өсгөж, бусад нээлттэй сонгон шалгаруулалтаар нүүрсээ 68- 70 ам.доллараас дээш үнээр тогтоон гаргасан нь орлогыг нэмж, ашигтай ажиллах суур нөхцөл бүрсдсэнийг тус компанийн удирдлагууд тайлбарлаж байлаа.
Найман жилд 40 сая тонн нүүрс олборлосон түүхэн амжилтыг үзүүлэв
2014 оноос хойш тасраад байсан нөөцийн болон ашиглалтын хайгуулын ажлыг энэ жил нөөцийн хайгуулыг 50 мянган тууш метр, ашиглалтын хайгуулыг 13 тууш метр хийж гүйцэтгэн 27 мянган дээж авснаас 12 гаруй мянган дээжийн хариуг гаргаж, үүний үр дүнд “ЭТТ” ХК-ийн нүүрсний нөөц 270 орчим, түүнээс дээш хэмжээгээр өссөн бөгөөд энэ нь баталгаажснаар компанийн үнэлгээнд нөлөөлөх боломжтой болжээ. “ЭТТ” ХК-ийн уурхайчдын бүтээсэн түүхэн нэг үйл явдал саяхан долдугаар сарын 2-нд тохисон нь тус компани өнгөрсөн 8 жилийн хугацаанд 40 сая дахь тонн нүүрсээ олборлосон амжилт үзүүлжээ. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд олон улсын стандартын дагуу техник, тоног төхөөрөмжөө ашиглаж, гол нь технологийн горимыг зөрчилгүй ажилласан явдал гэнэ. Энэ оны хувьд компанийн зүгээс ажилчдынхаа үндсэн цалинг 21 хувиар нэмж, дээр нь шөнийн үйл ажиллагааны нэмэгдлийг 5 дахин өсгөж ХАБ-ын хувийг үндсэн цалин дээр 10 байсныг 15 хувь болгожээ. Мөн шинээр гэр бүл болох, хүүхэдтэй болгоход тусалж дэмждэг Ажилчдын дэмжлэгийн сангийн хэмжээг 2 дахин өсгөж тэдний нийгмийн асуудал, ажиллаж амьдрах орчинг хангаж, цаашид улам анхаарч ажиллана гэв. “Ажилчдын цалин нэмснээр хэдэн төгрөг болсон бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Би жишээ нь уурхайчидтайгаа адил хэмжээний цалин авдаг. Надаас дээш цалин авдаг 10 гаруй уурхайчин бий” хэмээн өөрийнхөө цалин 3.2 сая төгрөгөөр жишээ авч байв.
Хувьцаа эзмшигч 1.5 сая иргэнээс 300 мянга нь бүртгүүлжээ
Эцэст нь тус компанийн 1072 хувьцааны тухай ярихдаа, “Манай компани дэлхийн хөрөнгийн зах зээлд IPO хийж хувьцаагаа гаргахаар олон улсын итгэмжилсэн байгууллагаар аудит хийлгэж санхүүгийн болон хуулийн зөвлөхүүд ажиллаж, хөрөнгийн биржүүдтэй хамтран ажиллах ажлыг эхлүүлсэн”-ийг дуулгаад тус компанийн нийт хувьцаа эзэмших эрхтэй Монгол Улсын 2.5 сая иргэнээс дөнгөж 300 мянга нь бүртгэлийн данс нээсэн, 600 мянга нь хувьцаа эзэмших эрхээ баталгаажуулаагүй явааг тодотгож, энэ ажлыг эрчимжүүлж байгаагаа дуулгалаа. Өнөөдрийн байдлаар “ЭТТ” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын 2.5 сая иргэн, 486 ААН бүртгэлтэй байна.
Эх сурвалж: montsame.mn