Орчин үеийн анагаах ухааны ололт амжилтын гавъяагаар элэгний С вирүсийг эмчлэх боломж бүрдэж олон өвчтөн аюулт өвчнөөсөө ангижирч байна. Монголд яагаад элэгний өвчлөл, тэр дундаа элэгний С вирүсийн халдвар өндөр байдаг вэ гэхээр Хепатитын В, С болон Д вирүсийн халдварын тархалт өндөр байгаатай холбоотой бөгөөд элэгний хавдарын 80 орчим хувь нь уг вирүсийн халдварын шалтгаантай. Монгол улс элэгний хавдарын нас баралтаар 100 мянган хүн амд 70.3 хүн нас барж байгаа нь дэлхийн дундажаас 7 дахин өндөр байгаа юм. Энэ нь элэгний вирүсийн тархалт өндөр байгаатай шууд холбоотой юм.
Хепатитын С вирүсийн халдварын тархалт Монголд 40-оос дээш насныханд С вирүсийн архаг халдвар өндөр тархалттай байгаа нь 2013-2014 онд хийгдсэн судалгаанд харагдаж байгаа юм. С вирүсийн халдварын үндсэн шалтгаан нь цус цусан бүтээгдэхүүн хийлгэх болон вирүсийн халдвартай хүний цусаар шууд дамжина. Мөн ахуйн хүрээнд сахлын хутга, чимхүүр, сойзоор түүнчлэн эмнэлгийн ариутгал дутуу мэс заслын багажаар халдварлаж болно. Мөн өөр нэг эрсдэлт хүчин зүйл нь гоо сайхны шивээс болон зүү хануур юм.
Хэрэв anti-HCV маркер тодорхойлох тухайн хүний шинжилгээ эерэг гарсан бол өөрөөр хэлбэл шинжилгээгээр С вирүсийн халдвар илэрсэн тохиолдолд С вирүсийн ачаалал тоолох шинжилгээг заавал хийлгэх ёстой байдаг. Дээрх маркерийн шинжилгээнд эерэг гарсан ч С вирүсийн ачаалал (ХСВ-РНХ) тоологдохгүй байвал та хэзээ нэгэн цагт С вирүсийн халдвар аваад эдгэрсэн байна гэж үзэх боломжтой. Харин тоологдож байгаа тохиолдолд эмчилгээний асуудал яригдах ёстой юм байна.
Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны үсрэнгүй ололт амжилтын үр дүнд элэгний С вирүсийн халдварыг бүрэн эмчлэх боломжтой боллоо. Энэ шинэ эмчилгээний талаар уншигчдад мэдээлэл өгөхөд, Дэлхийн шинжлэх ухаан хөгжиж вирүсийн эсрэг аян дайн зарлаж ялалт байгуулж байна. С вирүсийг бүрэн устгах эм болох Софосбувир/Ледипасвир эмийн хослолыг хэрэглэж олон оронд өвчтөнүүд С вирүсийн халдвараа эмчлэх боломжтой болсон.
Мөн вирүсийн шалтгаантай элэгний үрэвслээс гадна архи хэтрүүлэн хэрэглэх болон махны хэрэглээ жингийн асуудлаас болж элэг өвчилж гэмтэж болохыг анхаарах хэрэгтэй байгаа юм байна.
Элэгний С вирүсийн халдвараа эмчилчихсэн ч дахин халдвар авах эрсдлийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэгвэл элэгний С вирүсийн вакцин гэж байхгүй учраас өнөөдөр С вирүсийн халдвараа бүрэн эмчилсэн ч дахин халдвар авах эрсдэл бий. Иймээс тухайн хүн дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэх, өөрийн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай юм.