Монгол Улс хепатитын эсрэг тэмцлээрээ бүс нутагтаа манлайлж эхэлжээ

Хоолойгоор давсан бүх хүнсийг шүүн хорыг гадагшлуулж, хүний биед хэрэгтэйг нь задлан цусаар дамжуулан бусад эрхтний гол тэтгэгч нь элэг юм. 1800-1900 гр жинтэй элэг таны лаборатори гэсэн үг.

Гэтэл хүний биеийн хамгийн чухал энэхүү эрхтэний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж, дэлхий нийтэд жилдээ 1,3 сая хүн, Монгол Улсад өнгөрсөн жилийн байдлаар 1614 хүн амиа алдсан гэсэн дүн мэдээ байна. Дэлхийд дээгүүрт бичигдэж буй уг өвчнийг бууруулахын тулд Монгол Улс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд жил гаруйн хугацааг үдэж байна. Жилд 2500 хүн элэгний өвчнөөр алтан амиа алдаж байсан бол өнгөрсөн жил 886 хүнээр буурчээ. Элэгний B вирусээр 330 мянган хүн, С вирусээр 221 мянган хүн өвчилсөн гэсэн тоон мэдээ байна.

Харин элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу үедээ оношлогдож буйг мэргэжилтнүүд тодотгож байсан юм. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн гол зорилт нь өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэж буй юм. Тодруулбал энэ хүрээнд өнгөрсөн онд 40-65 насныхны 40 хувийг хепатитын В болон С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. 2017 онд Монгол Улс хүн амаа элэгний өвчлөлөөс сэргийлэхийн тулд 11,8 сая төгрөг зарцуулсан бол энэ онд 29,9 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

ДЭМБ-аас энэ жил Монгол Улсад Дэлхийн хепатитын өдрийг тэмдэглэж байгаагаараа онцлогтой. Монгол Улс хепатитын эсрэг тэмцлээрээ бүс нутагтаа төдийгүй дэлхийн түвшинд манлайлж байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Шин Ён Сү Дэлхийн хепатитын өдрийн нээлтийн үеэр онцолсон.

Монгол Улс Дэлхийн хепатитын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж хүн ардаа энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэгт төвлөрч байна. Төв талбайд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх насныхны дунд хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж буй бөгөөд энд урт дараалал үүсчээ. Энэ оны хувьд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь үе шат хэрэгжих бөгөөд 15-39 насныхныг хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах аж.

Эмч нар элэгний өвчлөл юунаас үүдэж, ямар хүчин зүйлс нөлөөлж буй болон элгээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгч байна.

Элэгний өвчлөл ихсэж байгаагийн шалтгаан нь элэгний вируст хепатитын үрэвсэл буюу бидний хэлж заншсанаар халдварт шар өвчин ихэсч буй бөгөөд А, В, С, Д, Е зэрэг 10-аад төрлийн вирус элэгний өвчнийг үүсгэдэг байна.

Багадаа элэгний вирусийн халдвар авсан, үр хөндүүлэх, шивээс хийлгэх, шүд болон мэс заслын дутуу ариутгасан багаж хэрэгслийн замаар төдийгүй бэлгийн замаар халдвар авах боломжтой гэдгийг эмч нар тодотгож байна. Нөгөөтэйгүүр өвчлөл үүсгэх гол шалтгаан нь архины хэт их хэрэглээ гэдгийг тэд хэлж байсан юм. Түүнчлэн элэгний өвчнөөр өвчлөхгүйн тулд өөх тос, давс ихтэй хоолноос аль болох татгалзах хэрэгтэй юм байна. Элэгний хавдраар өвчилсөн хүмүүсийн 70-80 хувь нь оройтож, өвчний сүүлчийн шатанд орсон хойноо эмнэлэгт хандаж байгаа бөгөөд гурав, дөрөвдүгээр шатандаа орсон хавдрыг эмчлэхэд хүнд аж. Харин эхний шатанд байгаа хавдрыг тэжээж буй судсуудыг илрүүлэн бөглөх эмчилгээг манай улс хийж буй юм. Судас бөглөхөд хавдрын явц удааширч, жижиг бол эдгэрнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Шинж тэмдгийн хувьд элэг нь өвчилсөн хүний гарын алга улайдаг байна. Тодруулбал, шалтгаангүйгээр ядрах, эцэж, цуцах, нүд цагаан болоод, арьс шаравтар туяатай болох, арьсан дээр улаан өнгөтэй тууралт гарах, хэвлийн баруун тал буюу аюулхай дээр хөндүүрлэх, гэдэс дүүрэх шинж илэрвэл яаралтай эмчид хандах ёстой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.