-Хүчтэй үерийн улмаас төмөр замын хөдөлгөөнийг хаалаа-
Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747дугаар км-ын 9 дүгээр зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286 дугаар галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарлаа.
Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Уг галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.
Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ажиллаж байна. Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр орж байгаа хүчтэй усархаг аадар борооны улмаас зам тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байгаа ажээ.