УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.29/-ний өдөр боллоо. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, тус бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монгол Улсын 2019 оны төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн байна.Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийг төлөвлөхдөө малын гаралтай түүхий эдийг боловсруулах болон аялал жуулчлалын чиглэлд түлхүү анхаарал хандуулах шаардлагатайг хэлэв.
Сүүлийн үед иргэдийн анхаарлыг татаад байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралдаанд мэдээлэл өгсөн байна. Сангийн яамнаас Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудлаар шалгалт оруулсан. Шалгалтын дүн гарсны дараа сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт танилцуулах аж. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдвол хууль хяналтын байгууллагад шалгуулах хүртэл арга хэмжээ авна. Цаашдаа “ийм бусармаг үйлдэлтэй эвлэрэхгүй” гэдэг байр суурийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлжээ.