Хар, сөрөг мэдээллээр бүрэнхийлж буй Монголын нийгэмд гэрэл асаах зорилгоор Монголын Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс уран бүтээлчдийн дунд “Дува” богино хэмжээний киноны уралдааныг анх удаа зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл энэхүү кино наадмын талаар хэн юу хэлсэн талаар та бүхэндээ хүргэж байна.
Найруулагч, зураач С.Мягмар “Монгол Улсаа дэлхийд таниулах монгол брэндийг бий болгох, нийгэмд эерэг хандлагыг түгээх зорилгоор “Дува” богино хэмжээний кино наадмыг анх удаа зохион байгууллаа. Богино хэмжээний киноны анхны алхмыг хийлээ. Өнөө үеийн залуус маань хуучны хатуу реализмаас салж, хүний сэтгэлийн гүн рүү нэвтэрч, сэтгэхүйн драм руу орж ирж байна. Хуучин бид захиалгаар кино хийдэг байжээ. Одоогийн залуус өөрсдийн сэтгэлийн захиалгаар кино хийдэг болсон байна. Залуус маань бэлтгэгдэж байна. Тэд өөрсдийн гэсэн арга барил, ирээдүйгээ олсон байна” гэж ярилаа.
-Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн “Богино хэмжээний кино хийсэн залуусыг хараад Монголын хойч үетэй уулзаж байна гэж баярлаж суулаа. Монголын киноны нүүр царай болоод явах сайхан залуу үе маань гараад ирж гэдэгт сэтгэл ханамжтай байна. Тэдний кинонд нарийн ур чадвартай холбоотойгоор сайжруулах зүйл байна. Гэхдээ манай залуус уран бүтээлээрээ чангарна. Дааганууд гараанаас гарлаа. Тэд удахгүй шүдлэн, соёолон, хязаалан болно. Уран бүтээлчид нийгэмд эерэг хандлага түгээх зорилго дор бүтээлээ хийсэн. Монголын бүрэнхий нийгэмд ийм гэрэл гэгээ хэрэгтэй. Аливаа зүйл багаас эхэлдэг шүү дээ. Наад зах нь гэхэд бид бие бие рүүгээ хараад инээж, мэндэлдэг байх хэрэгтэй. Огт танихгүй хүн инээмсэглэн зөрөхөд сэтгэлд их хөнгөн гоё мэдрэмж төрдөг шүү дээ. Ийм мэдрэмжийг авсан хүн дараагийн хүндээ мөн тийм хандлагыг өгнө. Нэг л хүн хандлагаа өөрчлөхөд нийгмийн хандлага дагаад өөрчлөгдөнө шүү дээ. Ингээд нийгмийн харилцаа өөр болж, бие бие рүүгээ хялайж харахаа болино” гэв.
Сэтгүүлч Г.Золжаргал “Дува богино хэмжээний кино наадам анх удаагаа зохион байгуулагдаж байна. Бидний сонсож, үзэж харж байгаа зүйл хар бараан талтай. Ийм нийгэмд байгаа хүмүүсийн сэтгэлд гэрэл гэгээ болох хэрэгтэй сэдвийг уран бүтээлч хүн хамгийн түрүүнд олж хардаг. Үүнийг олж харсан залуу уран бүтээлчдийнхээ бүтээлийг олон түмэнд үзүүлэх болно. Ямартай ч залуу уран бүтээлч гарааны зурхайгаас нэгэн зэрэг гарлаа. Цаашид дэлхийн тавцан монгол залуу уран бүтээлчдийн тавцан байгаасай гэж хүсч байна. Монгол хүн оюун санааныхаа хувьд гарах цаг болжээ гэж бодож байна. Үүнд залуучуудаа сойх хэрэгтэй. Өнөөдрийн шалгарсан гурван бүтээл эгэл жирийн амьдралын сайн сайхныг үзүүлэхдээ үзэгчдэд хүсэл тэмүүллийн гал бадраах бүтээлийн оч гялс хийсэн байх гэж бодож байна. Ер нь манай залуус кино хийгээд сурсан байна. Зураг аваад сурсан байна. Одоо юуг, яаж үзүүлэх вэ, юу бодож байна гэдгээ хүний зүрх сэтгэлд хүртэл үзүүлэхэд суралцах хэрэгтэй. Энэ зорилгоосоо хазайлгүйгээр тууштай явах хэрэгтэй. Г.Жигжидсүрэн гуай 50 жилийн өмнө уран бүтээлийн анхны алхмаа хийж байсан. Одоо ч уран бүтээл хийх гээд явж байна. Их урлагийн төлөө өөрөө шатаад явж л байвал тууштай байх хэрэгтэй. Орчин үеийн залууст итгэж байна” хэмээн ярилаа.
Шүүгч Д.Урианхай “Хүнтэй танилцахдаа хамгийн түрүүнд муугаа л хэлж байгаарай” гэж аавынхаа захьсаныг дурсаад, “Ах нь киноны мэргэжлийн хүн биш. Насаараа цаас цоохорлож, ном уншсан хүн. Энд шүүсэн найман киног бүтээсэн та бүгд баярлах эрхтэй. Чин сэтгэлээсээ хэлж байгаа юм шүү. Хоёр зүйл бодсоноо хэлье. “Хамгийн алсын аян анхны алхмаас эхэлдэг” гэдэг. Та бүхний “Анхны алхам”-ыг өөрийнхөө залуу үетэй харьцуулахад сэтгэлгээ нь харьцангуй хөгжжээ. Үүнд баярлаж сууна. Миний бие уран бүтээлээс хайдаг зүйл бол хамгийн нэгдүгээрт сэтгэлгээ. Ерөөсөө л дэлхийн сэтгэгчид гоо сайхныг сэтгэлгээ гэж үздэг болж. Дүрслэл, үгийн уран цэцэн гээд л хэлж болно. Хүн төрөлхтөний урлагийн түүхэнд шинэ юм юу хийсэн бэ, ямар шинэ асуулт тавьж чадаж байна вэ гэдэгт хариуж байгаа хүмүүс, уран бүтээлчийг л жинхэнэ, дээд гоо сайхан гэж үзэж байна” хэмээсэн.
“Монгал фильм” продакшныхан Г.Жигжидсүрэн: Би кино судлаач, эрдэмтэн биш учраас шууд хэлэхэд хэцүү юм. Юутай ч энэ наадмыг ихэд олзуурхаж буйгаа хэлье. 21 дүгээр зууны Монголын кино урлагийг авч явах залуучуудын нүүр царайг тодорхойлох үзлэг эндээс эхэллээ гэж бодож байна. Наадамд сойсон бүтээлүүдийг харахад зохиол, найруулагч, зураг авалт, жүжигчний гээд олон талаас нь шинээр эрэлхийлсэн нь харагдаж байна. Уран бүтээлчид нэг нь нөгөөгөө олж, хамтарч ажиллах боломжийг энэ наадам олгож байна. Дэлхийн киноны том зүтгэлтнүүдийн намтрыг харахад богино хэмжээний киноноос эхэлж, дамжиж хөлөө олж, арга барилаа төлөвшүүлсэн байдаг юм билээ. Уг наадмын нэг онцлог нь “Нийгмийн сайн сайхны төлөө” уриан доор явуулж буй явдал. Сүүлийн үеийн манай кинонууд нийгмийн бухимдал, хар талыг тусгах нь илүүтэй болсон байна шүү дээ. Сайхан санаатай зохиол байг. Гайгүй найруулж, зургийг нь авчихсан, хөөрхөн тоглочихсон кино ч байж болно. Гагцхүү энэ бүхэн нэгдэж, уран бүтээлийнхээ эрэл хайгуулыг нэгтгэснээр жинхэнэ уран бүтээлчид төрнө. Ер нь дутагдалгүй бүтээл гэж үгүй л дээ. Ийм хөөрхөн зохиолоор ингээд хийчихсэн бол илүү болох байж дээ, найруулга нь сайн атлаа ийм нэг зүйл оруулчихсан бол гэж бодох тохиолдол гаралгүй яах вэ. Үүнийг нь би уран бүтээлчдэд тус тусад нь хэлнэ гэж бодож байгаа. Олон сар үргэлжлэх учраас яах аргагүй сайн бүтээлчид гарна.