“Автотээврийн үндэсний төв”, “Монгол шуудан” компани хамтран өнөөдрөөс “Гараас гарт- Хаалганаас хаалганд” орон нутгийн ачаа тээшийн шинэ үйлчилгээг нэвтрүүллээ.
Иргэд орон нутагт тээш илгээхдээ өөрт ойр байрлах “Монгол шуудан” компанийн салбар эсхүл Зорчигч тээврийн төвүүдийн ачаа илгээмжийн хэсэгт хүлээлгэн өгнө. Эсхүл 1800-1636 утсаар дуудлага өгч тээшээ илгээх боломжтой аж. Ингэснээр иргэдийн ачаа тээш “Монгол шуудан” компанийн Улаанбаатар хот дахь 23, орон нутагт 365 салбараар дамжин Монгол улсын бүх сум сууринд шуурхай, найдвартай хүрэх юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн салбарын зорилтыг “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх, зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж тусгасан.
Энэ зорилтын хүрээнд дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах шинэ үйлчилгээг эхлүүлж буй юм. Ингэснээр иргэдийн тээшийг эрсдэлээс хамгаалж даатгахаас гадна баталгаатай тээврийн хэрэгслээр зөөвөрлөх боломж бүрдэж байна.