Мэргэжлийн Засгийн газрын зүгээс төр хувийн хэвшлийн түншлэлийн сайжруулах, дотоодын үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж буй. Энэхүү зорилтын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр зам хувь нийлүүлсэн компани, хувийн хэвшил хамтран Монголдоо анх удаа вагон угсрах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ.
Манай улсад нийт 6000 гаруй ачааны вагон ашигладаг бөгөөд бүгд БНХАУ болон ОХУ-аас импортоор орж ирдэг. Эдгээр вагоны 50 орчим хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байдаг аж. Гэвч ахин 10 мянга гаруй ачааны вагоны хэрэгцээ байсаар байгаа аж.
Төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгаа өнө үед тус салбарт дахин вагон өндөр үнээр авах төсөв мөнгө хомс буй. Тэгвэл манай инженерүүд дотооддоо хямд зардлаар, чанартай ачааны вагон угсарч нээлтээ хийх гэж буй сайхан мэдээгээр бид Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнхараа дахь ачааны вагон засварлах депог зорьсон юм. 79 жилийн түүхтэй яруу алдарт төмөр замын тээврийн байгууллагын амжилтын түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээж буй үйл явдал болохыг энд цохон тэмдэглэж хэлэхэд таатай байна.
Монголын төмөр замчдад арвин туршлага, мэдлэг, нөөц боломж байгааг шинээр байгуулсан туршилтын цех, шинээр угсарсан ачааны вагон зэргээс бэлээхэн харж болохоор байна. Та бүхний мэргэн ухаан, уран гар, бүтээлч, шаргуй хөдөлмөрч байдалд гүн талархал илэрхийлье гэсэн салбарын сайдын мэндчилгээний үгээр монголын анхны ачааны вагон угсрах цех, шинээр угсарсан вагоны нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн юм. Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тоннын даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарах юм. Эдийн засгийн хувьд ч импортоор орж ирж буй вагоноос хямд байх зорилтыг тавин ажилласан талаар мэргэжилтнүүд онцолж байсан юм. Энэхүү ажлын хоёр дахь шат нь Монголдоо зөвхөн угсрах биш үйлдвэрлэдэг болно.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ талаар ярихдаа “Мэргэжлийн Засгийн газар эдийн засгийн хямралт байдлаас гарах, эдийн засгийн хямралыг даван туулахад үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдлыг бууруулж, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх тал дээр томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд манай яам оны өмнө дотоодын аж ахуйн нэгжүүд болон Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам компаниудад дотооддоо ачааны болон тавцант вагон үйлдвэрлэх үүрэг даалгаврыг өгөөд байсан.
Энэ дагуу БНХАУ, ОХУ, Казакстан, Узбек зэрэг улсуудад судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр энэ оны 2-р сард миний бие вагон үйлдвэрлэх тушаалыг гаргасан. Өнгөрсөн хугацаанд манай инженер техникийн ажилтнууд маш их идэвх чармайлттай ажилласны үр дүнд өнөөдөр бид анхныхаа бүтээгдэхүүнийг шууд тээвэрлэлтэд хүлээлгэж өгч байна.
Цаашид энэхүү үйлдвэрлэлийг улам боловсронгуй болгож хөгжүүлэх ажлын хүрээнд эд ангийг дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох зорилтын хүрээнд өнөөдрийн арга хэмжээнд зориудаар дотоодын төмөр боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудыг урьж оролцуулж байна. Цаашид боломжит эд ангиудаа дотооддоо үйлдвэрлээд, үнэхээр үйлдвэрлэх боломжгүй төсөв өндөртэй эд ангиудыг гаднаас аваад Монголдоо вагон үйлдвэрлэх хоёр дахь шат үргэлжлэх юм. Өнөөгийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт зарим нэг эд ангийг үйлдвэрлэх улмаар Улаанбаатар төмөр замд нийлүүлэх бүрэн боломж бий. Мөн манай хувийн хэвшлийнхэн резинэн эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж байна.
Иймээс ОХУ-аас оруулж ирэх резинэн эдлэлийн импортыг бүрэн зогсоох үүрэг даалгаврыг өглөө. Бид дотооддоо ажлын байрыг бий болгох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих талаар төр бодлогоор дэмжиж ажиллана. Зам тээврийн хөгжлийн яамны хувьд цаашид зөвхөн тээврийн салбарт гэлтгүй импортыг орлох, монгол хүний амьдралд үр өгөөжөө өгөх дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана. Яг одоогоор таван вагон угсарч бэлэн болгоод, 10 вагон угсрах бэлтгэл ажлыг хангаж ажилласан байна. Цаашид Монгол Улсал 10 гаруй мянган ачааны вагоны хэрэгцээ байна. Нийт ашиглагдаж буй ачааны вагонуудын 50 гаруй хувь нь элэгдэлд орсон байдалтай.
Эдгээр хэрэгцээ шаардлагын дийлэнх хувийг дотооддоо угсрах, үйлдвэрлэх ажлыг үргэлжлүүлээд явна. Улаанбаатар төмөр замын харьяа Зүүн хараа дахь ачааны вагоны засварын депогийн өргөтгөлийн барилгын ажил удахгүй дуусах гэж байна. Ингэснээр шинээр 40 гаруй ажлын байр бий болно. Бид ингээд зогсохгүй. Боломжит хэмжээгээр хүчин чадлаа нэмэгдүүлэх, санхүүжилтыг шийдвэрлэх тал дээр ажиллах болно” хэмээн онцоллоо.