Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба зам” чуулганы төлөөлөгчдийн тэргүүн нарын уулзалтад оролцож, үг хэллээ

БНХАУ-ын Бээжин хотод болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Ши Жиньпин,

Хүндэт төлөөлөгчдийн Тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо.

“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж буй БНХАУ-ын дарга ноён Ши Жиньпин болон Хятадын ард түмэнд энэ жил тохиож буй БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр хүргэе.

Миний бие чуулга уулзалтын өмнөх өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал амжилттай хийлээ. Монгол Улс нь Хятадтай дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг тул манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг мөн тэмдэглэж байгааг энэ дашрамд Та бүхэнд дуулгахад таатай байна.

Дайны хөлд нэрвэгдсэн Хятад улс 70 жил, ялангуяа өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн хугацаанд их хурдацтай хөгжин дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болж чаджээ. Улмаар энэхүү амжилтаасаа хуваалцахаар “Бүс ба зам” санаачилгын уулзалтдаа “Хамтдаа хэлэлцэх, хамтдаа хэрэгжүүлэх, хамтдаа ашгийг нь хүртэх” гэсэн илүү прагматик уриа дэвшүүлсэн нь орчин цаг үетэйгээ нийцлээ гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд орчин үеийн технологийн дэвшил асар хурдацтайгаар эдийн засагт нэвтэрч, улс орнууд цаашлаад хүмүүс хоорондоо олон сувгаар харилцах боллоо. Улс орнуудын эдийн засаг улам бүр нягтран холбогдож, харилцан хамааралтай болж буй үйл явц цаашид ч хурдсах төлөвтэй байгааг олон судлаачид бичиж байгаа.

Олон төрлийн сүлжээгээр холбогдсон ард иргэд маань мэдээлэл, мэдлэгийг түргэн солилцох болсноор удирдагчид биднээс улам бүр хариуцлагатай ажиллах, эдийн засгаа чанаржуулах, ядуурлыг бууруулах, хурдацтай хөгжил дэвшлийг шаардаж байна.

Өөрөөр хэлбэл, хатуу болон зөөлөн дэд бүтцийн “Бүс ба зам”-уудаар холбогдох нь ирж буй цагийн шаардлага мөн. Ийм цаг үед “Хамтдаа ашгийг нь хүртэх” зарчим, уриа хэрэгжсэнээр өөр өөрийн улсынхаа иргэн бүрийн амьжиргааг дээшлүүлэх боломж бий болгоно гэдэгт итгэж байна.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд дотоод дэд бүтцээ хөгжүүлж чамлахааргүй амжилт гаргалаа. Тухайлбал, орон нутгийн засаг захиргааны нэгжүүдээ цахилгаан эрчим хүч, интернет сүлжээ болон 6000 орчим км автозамаар холбож дууслаа. Харин энэ оноос төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдээ эрчимжүүлж байна. Бидний хувьд өөрсдийн хүчээр дэд бүтэц байгуулах нь хоёр хүн тутамд нэг км.кв газар нутаг ногддог буюу дэлхийд хамгийн сийрэг нягтралтай улсын хувьд томоохон сорилт юм.

Гадаад орчны хувьд бүс нутгийн улсуудтай эдийн засгаар холбогдох чиглэлээр хамтран ажиллахаар ойлголцолд хүрч, зарим улстай тодорхой гэрээ, хэлцлүүд байгуулсан. Үүний нэг тодорхой жишээ нь, Орос, Хятад хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэх “Гурван улсын эдийн засгийн коридор” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр миний бие ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Зиньпин нартай өнгөрсөн онд болсон гурван улсын тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр тохиролцсон болно.

Далайд гарцгүй орны хувьд транзит тээвэр нь өрсөлдөх чадварт нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг байдаг. Далайд гарцгүй орнуудыг манай бүтээн байгуулж буй дэд бүтцийг ашиглан Зүүн хойд Азийн том зах зээлд холбогдохыг уриалж байна.

Хатагтай, ноёд оо,

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд зарим тодорхой санал дэвшүүлье.

Нэгдүгээрт, НҮБ болон түүний системийн байгууллагуудаас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын хэрэгжилтийг бүс нутгийн түвшинд тогтмол гаргаж, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн санал, дүгнэлт дэвшүүлжээ. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд наймдугаар зорилт буюу эдийн засгийн хөгжил нь баталгаат ажлын байр бий болгох чиглэлд ахиц бага байгаад “Бүс ба зам”-ын хүрээний хамтын ажиллагаагаа илүү чиглүүлэх саналтай байна.

Хоёрдугаарт, Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр оновчтой холбох, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын үр ашигтай шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх, уг саналыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудлыг зохицуулах үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг миний бие Зүүн хойд Азийн түнш орнууддаа дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Хэдийгээр Зүүн хойд Азийн бүс нутгийн ихэнх улсууд өөр, өөрийнхөө онцлогт тохируулан эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн боловч, тэдгээрийг уялдуулах шаардлагатай байгаа юм. Бүс нутгийн орнууд энэхүү санаачилгыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

Эрчим хүч үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадал, дамжуулах үлэмж өндөр хүчдэлийн шугам, хэрэглэгчид ачааллаа удирдахад эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэ сүлжээ болох боломжтой. Энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрс хүчлийн хий ялгаруулалтыг бууруулж, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилтууд, бүс нутгийн орнуудын эдийн засгийн ашиг сонирхолтой нийцэж байгаа юм. Хамгийн чухал нь оролцогч улсуудын иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгох чухал ач холбогдолтой юм.

Бүс нутгийн орнуудын төр-хувийн хэвшлийн олон талт түншлэлийн энэхүү төсөлд идэвхтэй дэмжиж, хамтран ажиллахыг та бүхнээс хүсье.

Дугуй ширээний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.