Эдийн засгийн хямралыг даван туулах бодлогын хүрээнд Монголын Засгийн газраас Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээсэн. Хүсэлтийн дагуу ОУВС-гийн зөвлөл Монголын цагаар урд шөнө хуралдаж, Монголыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Сангийн яам, Монголбанкны төлөөлөл болон ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн "ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өчигдөр монголын цагаар 04:00 цагт хуралдаж гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зээл авах тухай Монгол Улсын хүсэлтийг хэлэлцэн баталсан. Ингэснээр Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ойролцоогоор 434,3 сая ам. долларын санхүүжилтээр дэмжихээр боллоо. Бусад түншүүд, тэр дундаа Азийн хөгжлийн Банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ төсвийн болоод төслийн санхүүжилтээр дэмжлэг үзүүлэхээ амласан бол Хятадын Ардын банк Монголбанктай байгуулсан своп шугамын хугацааг сунгахыг зөвшөөрснөөр нийтдээ 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдэж байна. Захирлуудын зөвлөл хөтөлбөрийг баталснаар эхний ээлжинд 38,6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад нэн даруй олгогдох болно” гэлээ. мөн тэрбээр "Хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн төсвийн тодотгол УИХ-аар батглагдсан байгаа. Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл аслаа. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж ажиллах болно. Эгзэгтэй үед биднийг дэмжсэн ОУ-ын түншүүддээ талархаж байгааг хүлээн авна уу. Мөн уужуу ухаан холч бодолтой, энэ хүнд үед Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж буй ард иргэддээ талархал илэрхийлье” гэсэн юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 440 сая, Энэтхэгээс нэг тэрбум, Дэлхийн банкнаас 79 сая, Өмнөд Солонгосоос 500 сая ам.доллар мөн Польшоос 50 сая евро авах асуудал яригдаж байна. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүүг хөвөгч хүүгээр тооцох юм байна. Тодруулбал, хөнгөлөлттэй зээлийн хүү хоёр хувиас хэтрэхгүй байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 10 жил. Эргэн төлөлт тодорхой хуваарийн дагуу хийгдэх бөгөөд Монголд олгох 440 сая ам.доллараа нэг дор өгөхгүй гэдгийг ОУВС-гийн төлөөлөгчид хэллээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-ОУВС-ийн хөтөлбөрт ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлыг бууруулах бэлэн төсөл хөтөлбөр байгаа юу ?
Б.Чойжилсүрэн: Ажлын байрыг нэмэгдүүлэх талаар ярина гэвэл олон төсөл хөтөлбөр ярих болно. Засгийн газар бүрэн эрхээ эдэлж эхлэхэд ажилгүйдлын төвшин 11.4 хувьтай байсан. Бид ажилгүйдлын төвшинг 2018 онд найман хувиас хэтрүүлэхгүй байх зорилго тавьсан.
-Эдийн засагт ногоон гэрлээ аслаа гэнэ. Яг ямар үндэслэлээр ногоон гэрэл аслаа гэж дүгнэж байна вэ?
Б.Чойжилсүрэн: Өнгөрсөн хоёрдугаар сарын 16-ны өдөр энэ зааланд бид хөтөлбөр тохирсон тухай мэдээлэл хийсэн. Түүний дараа бид ОУ-ын санхүүгийн зах зээл дээр гарч Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор сольсон. Хоёрдугаарт, Канадын Торонто хотод Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн дээр хөрөнгө оруулагчдын итгэл огцом сэргэсэн байсан. Энэ мэтчилэн Монголын эдийн засагт ногоон гэрэл ассан гэдгийг төлөөлүүлж хэлсэн юм.
-Бусад орнуудад хэрэгжүүлсэн ОУВС-гийн хөтөлбөр амжилтгүй хэрэгжсэн байдаг. Энэ талаар жишээ дурдаж болох уу ?
Нэйл Сакер: Улс орон бүр өөр өөрсдийн онцлогоор хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс эдийн засагтай холбоотой бүх асуудлыг нарийн судалдаг. Иж бүрэн тусгалаа олсон байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад байнга үнэлгээ хийж явдаг. Үнэлгээ хийх болгондоо эдийн засагт хийж байгаа өөрчлөлтийг тусгаж, холбогдох өөрчлөлтийг оруулаад явдаг. Үнэлгээ хийсэн даруй нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Дэлхийн олон оронд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн тухайд Засгийн газрууд анх тохирсон ёсоороо хөтөлбөрийн бүрэн хэрэгжилтийг хангахгүй байсан. Монгол Улсын хувьд бид өөдрөг үзэлтэй байгаа. Маш том зорилт дэвшүүлсэн хэдий ч хэрэгжүүлэх боломжтой.