НИТХ-ын ээлжит XXXI хуралдаан болж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXXI хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хийв. Тэрбээр “Шинэ коронавирусын тохиолдол 28 орчим улсад илэрсэн ч Монгол Улсад өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй. Монгол Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжийг мөрдлөг болгон тодорхой төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байгаа. Цахим хурлаар үүрэг чиглэл өгч, 360 эмч мэргэжилтнүүдийг сэргийлэх, халдвар авсан нөхцөлд ажиллахад бэлтгэсэн” гэв. Мөн Эрүүл мэндийн яамны болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, тусгаарлах өрөө тасалгааны судалгаа гарган, нийт 995 орыг бэлдээд байгаа талаар дурдлаа. Коронавирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг өдөр тутам нутгийн захиргааны байгууллагууд, иргэдэд тогтмол хүргэж байгаа аж.

Эм ханган нийлүүлэх байгууллагуудын амны хаалт, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийн хангалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд авто замын шалган нэвтрүүлэх есөн цэгүүдэд эрүүл мэндийн хяналт явуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар дуулгалаа.

Мэдээллийн дараагаар төлөөлөгчид асуулт асууж, хариулт аваад мэдээллийг үнэн зөв, бодитой, шуурхай хүргэх тал дээр анхаарах, мөн зохиолмол эрэлт бий болгохгүй байх, амны хаалтын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гар ариутгагчийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй гэсэн саналуудыг хэллээ.