УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, нууц санал хураалт явуулжээ. Энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссаныг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдэгдээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэх асуудлын дараалалд орсон дараагийн асуудлыг хэлэлцэх горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх тогтоолын төслийг батлах санал хураалт олонхын санал авч чадалгүй унасан тул уг санал хураалтыг хүчингүй болсонд тооцох горимын санал гаргасан нь дэмжигдлээ. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 37 нь буюу 88.1 хувь нь дэмжив. Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм байна.