ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС COVID-19 ХАЛДВАРЫН ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛЭЭ ХИЙЛЭЭ.
Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 7 сая 724 мянган хүн халдвар авч, 427 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 130 мянган хүнээр, нас баралт 4 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтанд 535 хүн шинээр орж, 157 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ. Өнөөдрийн байдлаар ажиглах байранд 2057 иргэн байна. Тусгаарлах байранд 1-5 насны 57 хүүхэд, 27 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 108 иргэн байгаа. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5544 зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 166 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 2 дуудлага ирсэн.
АНУ-д 21700 гаруй шинэ тохиолдол, 947 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 25900 гаруй шинэ тохиолдол, 909 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 828800 гаруйд хүрээд байна. Харин нас баралт 41828 болжээ. БНСУ-д 49 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 11 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тэдгээрийн зургаа нь дотоодын халдвар, долоо нь шинж тэмдэггүй халдвар байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ХӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийлээ. Бүх хүнээс коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор дөрвөн хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүний шинжилгээ, Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан гурван хүний давтан шинжилгээ, Ажиглах байранд байсан найман хүний давтан шинжилгээ, Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 271 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 авто тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн тохиолдол 95 боллоо. Харин эмчилгээнд 102 хүн байна. Биеийн байдал хөнгөн 91, хүндэвтэр 11 иргэн байна. ХӨСҮТ-д нийтдээ 146 хүн байна.