Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хамтарсан мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах газрын дарга Б.Баярхүү "Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэний сонгох сонгогдох эрхэнд хууль бусаар нөлөөлөх аливаа үйлдэл нь хүний улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт тооцогдохоос гадна өргөн утгаараа Монгол Улсын үндсэн хуульт байгууллагын аюулгүй байдлын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа юм.
Иймд тагнуулын байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын үндсэн хуульт байгууллагын аюулгүй байдлыг хангах, гадаад улсын байгууллага, иргэдийн зүгээс манай улсын сонгуулийн дүнд нөлөөлөх зорилготой хууль бус үйл ажиллагаа, тэр тусмаа мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зэргээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор Тагнуулын байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд холбогдох арга хэмжээг зохион байгуулж байгаа.
Сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар иргэний, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаар нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна. Үүнд:
- Гэмт хэргийн шинжтэй гомдол 37 буюу 80.1 хувийг эзэлсэн. Тухайлбал, нэг гомдолд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж, хоёрт нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр татгалзах саналаа шилжүүлж, нэг харьяаллын бус гомдол мэдээллийг холбогдох байгууллагад шилжүүлсэн бөгөөд үлдсэн 33 гомдол мэдээлэл дээр холбогдох шалгах ажиллагаа үргэлжилж байна.
- Зөрчлийн шинжтэй гомдол 6 буюу 13.9 хувийг эзэлсэн. Таван мэдээллийг харьяаллынх нь дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Нэг дээр нь холбогдох хяналт шалгалтыг хийж байна" гэдгийг хэллээ.
Бүртгэгдсэн 43 гомдол мэдээллийг агуулгаар нь ангилбал,
- Цахим хаяг, ном, хэвлэмэл хуудсаар дамжуулан нэр дэвшигчийн нэр, алдар хүндийг гутаан доромжилсон илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийн талаар 36 буюу 83.7 хувь
- Сонгогчдод эд зүйл, мөнгө тараах, амралт сувилалд явуулах, шагнал гардуулах зэргээр санал худалдан авахыг оролдсон үйлдлийн талаар 4 буюу 9.3 хувь
- Зөвшөөрөлгүйгээр оршин суугаа хаягийг нь өөрчилсөн, хууль бусаар олон тооны иргэдийг оршин суугаа хаягаас олноор шилжүүлсэн агуулгатай мэдээлэл 3 буюу 7 хувийн үзүүлэлттэй байжээ.
Мэдээллийн төгсгөлд Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах газрын дарга Б.Баярхүү "Нийт бүртгэгдсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээгүй мэдээллийг ирүүлж байна. Мэдээж ирсэн гомдол мэдээллийг шалгах нь хуулийн байгууллагын үүрэг. Гэхдээ иргэд маань үндэслэлтэй мэдээ мэдээллийг хуулийн байгууллагад ирүүлж, хамтран ажиллахыг уриалж байна" гэдгийг нэмж хэлэв.