Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана. Энэ удаагийн хурлаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэх товтой.
Хэлэлцэх асуудлын талаар дэлгэрүүлбэл, Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байр болон Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрнуудыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд хуваарилах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Түрээсийн орон сууцуудыг түрээслээд өмчлөх хэлбэрт оруулснаар зорилтод бүлгийн иргэдийг өөрийн өмчлөлийн хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэх онцлогтой.
Мөн тус хурлаар Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг Баянхошуу, Хөтөл орчмын дэд бүтцийн төвийн барилга байгууламж, шугам сүлжээ, Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга болон сургууль, цэцэрлэгийн 14 өргөтгөл, спорт заалыг нийслэлийн өмчид бүртгэх тухай хэлэлцэх юм.