Сонгуулийн санал авах хэсгийн хороод өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байна. Улсын хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр 28045 сонгогч хүсэлт гаргажээ.
Сонгуулийн тухай хуульд зааснаар захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан; байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон; батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч; хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны төв байгууллагын харьяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч; эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлтэй зэрэг сонгогчдын саналын зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авдаг.
Эдгээр сонгогчийн хүсэлтийг үндэслэн сонгуулийн санал хураалтын өмнөх зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авах хуультай.
Улсын хэмжээнд нийт 28045, үүнээс нийслэлд 5349 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд сонгогчдын саналыг авах ажиллагааг өнөөдөр орон даяар 09.00-20.00 цагийн хооронд зохион байгуулж байна. Дээрх хуулийн заалтаас гадна Сонгинохайрхан дүүрэг, сонгуулийн 1813 хэсгийн хорооны 13 өрхийн 30 сонгогч малын халдварт өвчин гарснаас шалтгаалж, хөл хорионд орсон тул зөөврийн саналын хайрцгаар саналаа өгч авч байгаа аж.
Санал авах ажиллагааг сонгуулийн хэсгийн хороодын ажилчид явуулж буй бөгөөд сонгуульд оролцож буй намуудын ажиглагчид дагалдан яваа юм.