Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ "Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан" хэмээн мэдэгдэв.

Тэрбээр цааш хэлэхдээ, "Сонгуулиар нийт 25 мянган төрийн албан хаагч ажиллах бөгөөд 1983 санал авах байр байгуулсан. Тоног төхөөрөмж, саналын хуудас бүгд хүргэгдсэн. Сонгогчдын нэрсийн жагсаалт бүрэн эцэслэгдсэн. "Түр хасав" тэмдэглэгээтэй 44 мянга гаруй иргэн байна. Өнөөдрийн байдлаар гадны 30 ажиглагч ирээд байгаа бөгөөд олон улсын бусад байгууллагын ажиглагчид ч хүрэлцэн иржээ. Улстөрийн намуудаас 17 мянган ажиглагч ажиллана.

Санал авах ажиллагаа гурван шаттай үргэлжилж байна. Нэгдүгээрт хилийн чанадад байгаа 4816 иргэн саналаа өгсөн. Хоёрдугаарт зөөврийн битүүжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 9-20 цагийн хооронд болно. Нийт 28035 хүн зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан мэдүүлсэн. Гуравдугаарт маргааш нийт сонгогчдын дунд санал авах ажиллагаа болно.

Дүн мэдээг 22 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлнэ. Ирцийн мэдээ 12, 17, 22 цагт СЕХ салбар хороодоос авах ба хэвлэлийнхэнд нэг цагийн дараа танилцуулах юм" хэмээн мэдээллээ.