ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ мах боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо. Орон нутгийн өмчит “Өв мийт продактс” ХХК, БНХАУ-ын “Хайжөү” компани, АНУ-ын “Жарвис Монгол” компани хамтран эхлүүлж буй тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.
Өвөрхангай аймаг нь малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна. Энэ жил тус аймагт нийт 7.0 сая гаруй мал зусаж байгаа юм.
Иймд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах замаар ажлын байр нэмэгдүүлэх, малчдын бодит орлогыг өсгөх, орон нутгийн эдийн засгийг чадавхижуулах зорилтыг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна.
Энэ хүрээнд өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийх үеэр Засгийн газар хоорондын 21 гэрээнд гарын үсэг зурсны нэг нь БНХАУ-ын Гүй жөү мужийн “Хай чуан” групп, АНУ-ын “Жарвис Монгол” компаниудтай хамтарч Өвөрхангай аймагт махны үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх тухай “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан ажил ийнхүү биелэлээ олж байгаа юм.
Хоногт 3000 бог мал, 1000 бод малыг боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн Өвөрхангай аймаг төдийгүй бүс нутгийн бэлчээрийн мал аж ахуй, экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэж байгаа юм. Мөн орон нутгийн иргэд тогтмол ажлын байраар хангагдан, аймаг орон нутаг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үйлдвэрийг энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.