УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 13.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчилсэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Тодруулбал, тус заалтад “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан.
АТГ-т хөрөнгө орлогоо тогтмол мэдүүлэх үүрэгтэй 41 мянга 686 төрийн албан хаагч байдгаас 33 мянга 428 нь Засгийн газар, агентлаг, түүний харьяа байгууллага, түүнчлэн Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг Засаг дарга нар, тэдгээрийн харьяа байгууллагуудын албан тушаалтнууд байгаа юм. Тиймээс АТГ-ын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох ёсгүй хэмээн Ерөнхийлөгч үзсэн байна. Ерөнхий сайдын саналаар томилбол АТГ нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч боломжгүй болж, цаашлаад эрх баригч намын үүрэг, даалгавраар ажилладаг болох магадлалтай хэмээн үзжээ.
Түүнчлэн өнөөдөр 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Энэ дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа билээ.
Дээрх хоёр асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.