Нийслэлийн Онцгой комиссоос орон нутаг руу зорчих зөвшөөрөл аваагүй иргэдийг Улаанбаатар хотоос гарах товчоодод очиж, ачаалал үүсгэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй 7500 иргэн байгаа бөгөөд дээрх иргэдийг аймгуудын онцгой комисстой хамтран нутаг буцаах ажлыг зохион байгуулж буй юм. Орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд эхний ээлжинд очих аймгийнхаа Онцгой комисс руу цахимаар хүсэлтээ илгээх шаардлагатай. Орон нутгийн онцгой комисс иргэдийн мэдээллийг нэгтгэн нийслэлийн Онцгой комисс руу хүсэлтийг илгээнэ. Үүний дараа нийслэлийн Онцгой комисс тухайн иргэнд зорчих зөвшөөрөл олгож, утсаар мэдэгдэх аж. Үүний дараа иргэд PCR шинжилгээ өгч, хариугаа авснаар нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарах юм.