Ерөнхий менежерийн үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгах зэрэг 10 гаруй санал гаргалаа

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллагаар хэлэлцүүлж, санал авах хэлэлцүүлэг Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт үргэлжиллээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн өмнө баталсан байдаг. Өнгөрсөн хугацаанд хуульд нэг удаа өөрчлөлт оруулсан хэдий ч нийслэлийн өнөөгийн нийгэм, эдийн засгийн харилцааг оновчтой зохицуулж чадахгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь эл хуулийг шинэчлэх үндэслэл болж буй.

1994 онд баталсан, өдгөө мөрдөж буй хууль таван бүлэг, 23 зүйлтэй. Харин шинэчилсэн найруулгын төсөлд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг долоон бүлэг, 49 зүйлтэй байхаар тусгажээ. Шинээр нэмэгдэж буй хоёр бүлэгт нийслэл хот, түүний чиг үүрэг болон дагуул хот, хаяа тосгоны эрх зүйн үндсийг тусгасан юм.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд татвар, хураамжийн тодорхой хувийг дүүрэгт үлдээх зохицуулалт нь дүүргүүд бие даан хөгжих боломж бүрдүүлж байна хэмээн дэмжив.

Харин Баянзүрх дүүргийн удирдлага гуравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн удирдлагын байгууллага, хороод, иргэдэд хуулийн төслийг танилцуулж, санал авчээ. Улмаар саналыг нэгтгэж, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв. Гаргасан саналуудаас дурдвал, Ерөнхий менежерийн үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгах, Нийслэл хотын удирдлага дүүргийн эрх ашигтай холбогдох шийдвэр гаргахдаа дүүргийн удирдлагаас гадна ИТХ-ын төлөөлөгчдөөс санал авах талаар нэмэлт оруулах, нийслэлийн чөлөөт бүс ямар онцлогтой байх талаар тусгах зэрэг 10 гаруй санал гаргажээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилнэ.