“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин, ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртлээ.
“Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Шоовдор 59 кг-д мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр Ази тивийн АШТ-д 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан юм. Харин энэ удаа хэсэгтээ Энэтхэгийн Сарита 5:4-өөр, эзэн орны Диана Каюумоваг 13:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр тус тус ялсан.
Улмаар шигшээ барилдаанд зоондоо ялсан, өнгөрсөн жилийн Азийн аварга, Энэтхэгийн Саритатай дахин таарч, 7:10-аар харамсалтайгаар ялагдлаа. Тэрбээр 7:1-ээр илүүрхэж явсан ч барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдаж, алтан медалиа өрсөлдөгчдөө өгч орхилоо.
Ази тивийн 2020 оны АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Энэтхэгийн Нишаг цэвэр, БНСУ-ын Жёон Ун Суныг 4:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр /10:0/ ялсан.
Харин алтан медалийн төлөөх барилдаанд Дэлхийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн 3 удаагийн аварга, Киргизийн Меерим Жуманазаровад 1:6-гаар ялагдлаа. Ийнхүү эхний өдөр Монголын 5 бөхөөс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэв.