М.Энхболд: Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл наашилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр “Шударга, хөгжингүй Дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд” сэдэвт “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл” байгууллагын Олон улсын бага хуралд оролцлоо.

Энэ удаагийн бага хуралд Англи, Австрали, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Морокко, Судан, Энэтхэг, Израйль, Палестин зэрэг таван тивийн 30 гаруй улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга нар оролцож байгаа бөгөөд хурал хоёр өдөр үргэлжлэх юм байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

Өнөөдөр Улаанбаатарын энэ бага хуралд 30 гаруй нам, олон улсын байгууллагын 60 гаруй төлөөлөгч иржээ.

Та бид нийгмийн хөгжил, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тогтвортой байдалтай холбогдуулан дэлхий дахинаа тулгамдаад байгаа нийгэм, эдийн засаг, улс төрийн чухал асуудлуудаар санаа бодлоо солилцон, хэлэлцэх болно.

“Прогрессив Аллианс Дэвшилт Эвсэл” эдүгээ дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэгэн зорилгын төлөө тууштай зүтгэж буй нам, олон улсын байгууллагуудын хүчирхэг нэгдэл болтлоо өсөж, бэхжсэн байна.

Зүүн төвийн үзэл баримтлалтай Монгол Ардын Нам 2016 онд болсон УИХ-ын сонгуулиар нийт 76 суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг авч, үнэмлэхүй ялалтад хүрсэн юм. Бүрэлдсэн энэ нөхцөл байдал бидэнд прогрессив үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсад шударга, ёс, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийг хангах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх боломж олгож байна.

Сонгогчид ард түмэн маань ч улс орон эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед цаг алдалгүй, үр дүнтэй, түргэн шуурхай арга хэмжээ авч, байдлыг өөрчлөн сайжруулахыг биднээс хүсэн хүлээж байна. Иймд Монгол Ардын Намын Засгийн газар үндэсний хэмжээнд нэн шаардлагатай бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, өмнөх Засгийн газрын дүрэмгүй тоглож ирсэн алдаануудыг засахад анхааран ажиллаж байна.

Хэдийгээр УИХ-ын сонгуулиас хойш нэг жил хүрэхгүй хугацаа өнгөрөөд байгаа ч тодорхой өөрчлөлт, эерэг үр дүн гарч эхэллээ. Эдийн засгийн өсөлт ажиглагдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл наашилж, олон хувиар унаад байсан монгол төгрөгийн ханш тогтворжиж байна.

Аливаа улс орон тогтвортой бодлого, тууштай улс төрийн шийдвэргүйгээр хөгжин цэцэглэх боломжгүй. Алсын хараа муутай бодлого, талцал хуваагдлын сэтгэл зүй, эргэж буцсан барьцгүй байр суурь эдийн засагт хэрхэн муугаар нөлөөлдгийг бид өнгөрсөн хэдэн жилд маш сайн мэдэрлээ. Алдаанаасаа суралцаж, дахин давтахгүйг хичээж ажилласнаар хүндрэлээс богино хугацаанд гарч чадна гэсэн зарчмыг бид баримтлан ажиллаж байна.

Энэ удаагийн бага хурлын үзэл санаа, хэлэлцүүлгийн дүн бидний үйл ажиллагаанд шинэ санаа, шинэ урам өгнө гэдэгт гүнээ итгэж байна хэмээн УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.

Энэхүү олон улсын бага хуралд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Б.Ундармаа, А.Ундраа, Д.Цогтбаатар, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо.