Шинээр баталсан Эрүүгийн хуулийг энэ сарын нэгнээс мөрдөж эхэллээ. Энэ хуулиар хөнгөн болон хүндэвтэр гэмт хэргээр ял эдэлж буй хоригдлуудын ялыг хөнгөлж, заримыг нь чөлөөлж байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Дамба,"2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдсэн 4727 ялтныг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялын үндсэн төрөл болох баривчлах ялыг байхгүй болгосонтой холбогдуулан 1-6 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлсэн ялтнуудыг ШШГЕГ-ын харьяа 25 хорих ангид анхан шатны шүүхийн 62 шүүх бүрэлдэхүүн магадлан шалгаж ялаас чөлөөлөх үйл ажиллагаа өнөөдөр болж байна" гэлээ.
Мөн өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 431 дүгээр ангиас ял эдэлж байсан 52 хүмүүжигч суллагдаж байв.
Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зургаан сарын баривчлах ял, хоёр жил авто машин жолоодох эрхээ хасуулсан иргэн Э. "Авто ослыг санаатай үйлддэггүй ч жолоо барьж явах үедээ архи согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүйг залуучууддаа захья. Маш их зүйлийг энэ хугацаанд ойлголоо. Төрийн хуулийн өршөөлд хамрагдсандаа баяртай байна" гэж байв.