Энгүй уудам талд усгүй болсон амьд амьтан бүхэн харангадан үхэж байгаа аймшигт мэдээ ойрын өдрүүдэд олон сонсогдох болов. Хайрын бэлэгдэл хүн шувуу усандаа хүрч чадахгүй талд харангадаж, зээрийн янзага усгүйгээс туйлдаж, Сүхбаатар аймгийн нутагт 3000 орчим цагаан зээр харангадан үхсэн аймшигт мэдээ олныг цочирдуулж байх юм.
Тэр ч байтугай олноороо үхсэн зээрийн сүргийн үнэр орчин тойрноо бохирдуулж байгааг сумын байгаль хамгаалагч ярьжээ. Онгон зэлүүд талд давхиж явдаг зээрийн сүрэг хүнээс эмхээхээ больж, айл бараадан ус хайх болсон тухай сонсоод эрхгүй хоолой зангирч суулаа. Байгалийн хатуу хуулийг яалтай ч билээ хэмээн халаглан сууж хэрхэвч боломгүй байлтай.
Тэгвэл усгүй ядарсан амьтдыг тэнд үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн залуус амийг нь аварснаа цахим хуудсанд постолсон нь олон хүний талархлыг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайн ажилчид хоёр ч усан сан байгуулж, олон олон амьтдыг усгүйдэх зовлонгоос аварсан байх юм.
Хувийн хэвшлийн компани, хэдхэн залуус нийлээд ийм сайхан үйлийг хэдхэн тонн ус гаргаад л хийчихэж болж байна. Гэтэл байгаль хамгаалах, ан амьтан нэг бүрийн төлөө ажиллах учиртай салбар яам юу хийж байна вэ. Д.Оюунхорол сайд аа, гантай жил гээд л зээрийн сүрэг үхэж л байх хэрэг үү. Угтаа хог хаягдлаас илүүтэй 3000-аараа үхэж буй зээрийн сүрэг, эзэнгүй талд харангадаж буй хун шувуу чухал баймаар.
Хувийн хэвшлийн компани сэтгэл гаргаад хийж болж байхад салбар яам багахан хөрөнгө гаргаад хэд хэдэн усан сан байгуулчихаж болдоггүй хэрэг үү. Уг нь сэтгэл байвал хийж болмоор санагдах. Гэтэл өмнө сайд байхдаа ч өнөөдөр эргээд томилогдсон ч хог ярьсаар хоёр жилийг үдлээ.
Амралтын газарт зогсоол байгуулахаас ч ноцтой асуудал Дорнодын талд бий болчихоод байгааг эрхэм сайдтан та анхаарч үзээч. Эс бөгөөс төрийн мөнгөнөөс"хумсалж" суугаа дэд сайдаа ч болов Дорнод аймагт ажиллуулж, асуудлыг шийдүүлмээр байна.
Ene said neeree hetsvv hetsvv