УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлт, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Мөн хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэх юм.

Түүнчлэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна.

Түүнээс гадна “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолын төсөл, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Мөн хуралданааар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмж өгөхийг хүсэв. Тэрбээр, "Ирэх жил Шүүхийн шийдвэрийн байгууллагын 100 жилийн ой болно. Тиймээс тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн энэ хуулийг яаралтай хэлэлцэж батлах нь зүйтэй" гэдгийг онцолсон юм.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмлээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэх санал гаргалаа. Тэрбээр, "Миний бие ард түмний 10 хуулийг санаачилснаас хоёр нь батлагдсан. Энэ намрын чуулганаар хоёр хуулийн төсөл батлуулахаар зорьж байгаа. 2016 онд ОУВС-гийн шахалтаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулж таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоодгыг долоон жил болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, шударгаар шимтгэлээ төлсөн хүмүүсийн тэтгэвэр бага тогтоогдох нөхцөл үүссэн. Тиймээс ОУВС-гаас Засгийн газар гарсан тул хуулийг хуучнаар нь өөрчлөх шаардлага байна" хэмээв.

Мөн тэрээр, энэ хуулийн дагуу 120 мянган хүн тэтгэврээ бага тогтоолгоод байгааг дурдаад, тэдгээр хүмүүсийн тэтгэврийг дахин таван жилийн дунджаар тогтоох хуулийн төсөл өргөн барьсныг тэмдэглэв. Иймд тус хуулийг 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар эл асуудлаар санал хураах боломжгүй бөгөөд баасан гарагийн УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлэв.