Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дотоод орчны агаарыг цэвэршүүлэх 15 төрлийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Мөн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн нийт 59 тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлж ногоон худалдан авалтыг бодлогоор дэмжин ажиллаж байна.
Ногоон технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлсэн 19 аж ахуйн нэгж байгууллагын татварт ногдох орлогоос 2019 оны өссөн дүнгээр 55 тэрбум төгрөгийг чөлөөлжээ.
Ногоон худалдан авалтыг дэмжих зорилгоор Хаан, Хас, Төрийн банктай хамтран ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Иргэдэд байшингийн дулаалга, сайжруулсан зуух, эко ариун цэврийн байгууламж, унадаг дугуй, цахилгаан автомашин, цахилгаан скүүтэр зэрэг 26 нэр төрлийн бүтээгдэхүүнд хөнгөлөлттэй зээл авах боломжтой.
Ногоон зээлд 420 гаруй иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, 1.8 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлт авсан. Одоогоор 2.2 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэр байгаа тул бага хүүтэй ногоон зээлд хамрагдах хүсэлтэй иргэд дээрх банкнуудаас мэдээлэл авах боломжтой. Байгаль ээлтэй технологийг дэмжих нь өрхийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэхийг зэрэгцээ иргэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.
Байгалийн нөөц, эрчим хүчийг хэмнэх, хог хаягдал болон дулаан алдагдлыг багасгах дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн 12 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжиж “Ногоон гэрчилгээ”, мөнгөн урамшуулал олгосон. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд материалаа ирүүлэх нь нээлттэй.