Монгол Улсын Их Хурлаас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны нэгдүгээр сард, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийг энэ оны дөрөвдүгээр сард баталсан.
Мөн дотоодын зах зээлийн эх үүсвэрийн болон банкны үйл ажиллагааны зардлыг бууруулахаас гадна санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, түүний эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх үндсэн зорилтын хүрээнд “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг өнгөрсөн наймдугаар сард батлаад байна. Дээрх хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах зорилтын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монголын хөрөнгийн биржид ажиллалаа.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн үнэт цаасны арилжааг эхлүүлэх цан цохих хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцох үеэр “Хөрөнгийн зах зээл төгөлдөршиж төлөвшихгүйгээр зах зээлийн эдийн засаг төгөлдөршиж төлөвших боломжгүй. Санхүүгийн зах зээлийн хоёр тулгуур баганын нэг нь хөрөнгийн зах зээл. Улсын Их Хурлаас зээлийн хүүг бууруулах стратегийг баталсан. Зээлийн хүүг бууруулахын тулд хөрөнгө оруулалтын бусад боломжит хувилбарууд буюу хөрөнгийн, хувьцааны болон бондын зах зээлийг хөгжүүлж байж зээлийн хүүгийн стратеги бууруулах зарчмыг баримталсан. Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас эдийн засаг ихээхэн хумигдлаа. Мөн олон улсад үүсээд байгаа таагүй нөхцөл байдлын улмаас тээвэр логистикийн асуудал хүндэрснээр үнийн өсөлт бий болж, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ийм хүнд хэцүү үед Хөрөнгийн бирж олон улсад хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн биржээр тодорсон. Түүнчлэн банкны салбарын реформыг УИХ-аас хуульчлан хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр олон нийтийн хараа хяналт, оролцоотой сайн засаглал бүрдэж, төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэх юм” гэлээ.
2021 оны жилийн эцсийн байдлаар зах зээлийн үнэлгээ хөрөнгийн зах зээлийн хөгжлийн 30 жилийн түүхэнд анх удаа 5.98 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.47 хувиар өссөн бол үнэт цаасны арилжаа 1,4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21,6 дахин өссөнөөр олон улсад хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлээр Монгол Улс тодроод байна.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, банкны компанийн хэлбэрийг өөрчлөн, нээлттэй хувьцаат компани болгосноор хувь эзэмшигчдийн төвлөрөл саарч мэдээллийн ил тод байдал сайжирч, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан иргэд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө аривжуулах боломж нээгдэж буй юм.