ГОВЬД “ЭКО-НОГООН ХОТХОН” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Батлан хамгаалах салбараас хэрэгжүүлж байгаа "Эко-Ногоон хотхон" төслийн хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Ялангуяа, ангийн орчин тойрны ногоон байгууламжийг сэргээн сайжруулж цэцэрлэгжүүлэх, мод, бут, зүлэг тарих, усалгааны систем хийх зэргээр цогц ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Ангийн байрлалд монос 200, буйлс 200, далан хальс 200, нарс 20, шинэс 20, хайлаас 2400, улиас 300, голт бор 250, шар хуайс 1000, өрөл 250 гэхчлэн 10 төрлийн 5000 орчим мод, бутыг үрслүүлэн суулгаж, усалгааны 4 цэгийг төхөөрөмжлөн байгуулж, ногоон байгууламжийг услан ургуулах, арчлан хамгаалах ажлыг өөрсдийн хүч бололцоогоор гүйцэтгэсээр байна.

Мөн ангийн гадна байрлалд 1000 улаан сухай, 300 загийн үрийг суулгаж, говь нутаг дахь ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс цэцгийн мандлыг арчлан ургуулж, бие бүрэлдэхүүнийхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлсээр байгаа юм.

Ахлах дэслэгч А.Алтанхуяг (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)