Монгол Улсын Их Хурлын тогтоол гарч, 2017 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
- Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
- Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Бусад.
2. Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байхаар тогтоосугай.
3. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.
4. Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Цолмон/-т тус тус үүрэг болгосугай.