Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зуншлагын талаар тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, малын сүргийн отор нүүдлийн талаар Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол гаргуулж биелэлтийг хангуулахаар Аймаг, нийслэлийн ХХААГ-д хүргүүлээд байна. Бүх аймгийн ХХААГ-аас зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан дүн мэдээг авч нэгтгэн хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Аймгуудаас авсан мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрхөд 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацын судалгаа 08 дугаар сарын 20-нд гаргана.
Өөр аймгийн нутагт өвөлжих магадлалтай 2921 өрхийн 1,1 сая, бусад сумдын нутагт өвөлжих магадлалтай 9225 өрхийн 3,6 сая, сум дундын отрын бүс нутагт 490 өрхийн 369 мянган, аймаг дундын отрын бүс нутагт 1151 өрхийн 843.0 мянга, хилийн зурвас газарт 3104 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4502 өрхийн 2.1 сая, нийт 21399 өрхийн 9.2 сая мал отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын 186 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 30,8 мян тн өвс, 11.7 мян тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгчээ. Энэ жилийн хадлан бэлтгэлд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллах мэдээг орон нутгаас ирүүлээд байна.
Малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 36.0 мянган тн сүрэл, 23.0 мянган тн ногоон тэжээл, 48.9 мянган тн үйлдвэрийн тэжээл, 71.0 мянган тн гар тэжээл, 9.0 мянган тн дарш, 141.9 мянган тн давс, хужир бэлтгэх юм .
Мал эмнэлэг, үржлийн бодлогын газрын дарга П.Ганхуяг “ Монгол Улсын хэмжээнд 2016 оны эхнээс 2017 оны зургадугаар сар хүртэл малын гоц халдварт шүлхий, мялзан өвчин гарсан. Зуншлага сайн байгаа Хэнтий, Дорнод аймгийн ихэнх суманд малын гоц халдварт өвчин гарсан учир мах экспортлох боломжгүй. Манай улсын 13 аймгийн 164 суманд гоц халдварт өвчин гараагүй. Эрүүл бүс нутгаасаа мах экспортлох ёстой ч зуншлага тааруухан байна. Гэхдээ Цаг уурын мэдээгээр ирэх долоо хоногт ихэнх нутгаар хур бороо орохоор байна. Наймдугаар сарын эхэн хүртэл бороо орвол тэр тундаа говийн аймгуудад ургамлын гарц сайжирна. Энэ жил 9.2 сая толгой мал оторлоно гэж байгаа нь урьд өмнө байгаагүй том тоо. Отор нүүдэл хийх малчид малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл гэсэн бичиг авсан бол отрын бүсэд малыг нь оруулна. Энэ талаар яамнаас бүх, аймаг сумын удирдлагуудад албан даалгавар хүргүүлж ажиллаж байна” гэв.
Мөн тэрээр өнгөрсөн зургадугаар сард Дорнодын Хөлөнбуйраас Завхан аймаг руу шүлхийтэй мал шилжүүлснээр малын гоц халдварт өвчин гарсан. Өвчтэй мал шилжүүлсэн хувь хүний буруу учир гарсан хохирол болох найман сая гаруй төгрөгийг тухайн хүнээр төлүүлсэн. Иймд малчин хүн бүр малын эрүүл мэндийн дэвтэртэй байх ёстой. Малаа эрүүлжүүлээгүйгээс гоц халдварт өвчин гарсан бол гарсан бүх хохирлыг тухайн хуулийн этгээд хариуцах заалт бий. Вакцин хийлгээгүйгээс устгалд оруулсан малд Засгийн газраас нөхөн төлбөр олгохгүй.Зуншлага тааруу байгаатай холбоотой Төв, Сэлэнгэ аймгаас 40-50 мянган толгой мал Дорнод аймагт оторлож байна. Замбараагүй отор нүүдэл малын гоц халдварт өвчин гарах нөхцөлийг нэмэгдүүлж байгаа талаар П.Ганхуяг дарга мэдээлээд, малчдыг малаа эрүүлжүүлж, эрүүл мэндийн бичигтэй малыг отроор явуулахыг онцгойлон анхаарууллаа.