ТА БҮХНЭЭР ЭХ ОРОН ТАНЬ БАХАРХАХ БОЛНО

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын сүр жавхаа, өнө мөнхөд мандан бадрахын бэлгэ тэмдэг нь тухайн ангийн Байлдааны туг байдаг. Цог золбоо, хийморь сүлдийг бадраасан ийм л хүндэтгэлтэй аранзал улаан тугийн дор цэцэн буугаа мөрлөсөн цэрэг эрс жигдрэн жагссан нь Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, өдгөө 99 жилийн түүхтэй золгож байгаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд энэ оны II ээлжээр татагдан ирсэн шинэхэн дайчид билээ.

Эх орныхоо дуудлагаар, Монгол Улсын өнцөг булан бүрээс эр цэргийн албанд татагдан ирсэн эдгээр шинэхэн дайчид цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа өнөөдөр өргөлөө.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бридын генерал С.Ганбямба, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч бригадын генерал Д.Баасандамба, Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Д.Дугаррагчаа нар болон орон нутгийн удирдлагууд, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцож шинэхэн байлдагч нарт халуун баяр хүргэж, эр цэргийн албаа нэр төртэй хаахыг захилаа.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ "Өнөөдөр алдар түүхт энэхүү нэгтгэлд алба хаан Цэргийн тангараг өргөж буй та бүхэнд халуун баяр хүргэе. Үеийнхээ залуучуудыг манлайлж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээр цэргийн албанд татагдан ирсэн Та бүхнээр бахархаж байна. Өнөө үеийн зарим залуус цэргийн албанаас татгалзаж байгаа.

Харин энд жагсаал журамлан зогссон та бүхэн эх орноо хамгаалахаар эгнэн зогсож байгаа зоригт хөвгүүд юм. Монголын ард түмэн эх орноороо, эзэн Чингисээрээ, энд зогсож буй эрэлхэг хөвгүүдээрээ бахархах ёстой. Дэлхий дахинд цэрэг-улс төрийн нөхцөл байдал ямар байгааг бид мэдэж байгаа. Та бүхэн эх орондоо үнэнчийн баталгаа болгож эр цэргийн тангараг өргөснөөр хэрэв болзошгүй нөхцөл байдал үүссэн үед улс үндэстнээ сахин хамгаалах тэрхүү ариун үүргийн эзэн болно гэсэн үг" хэмээгээд цэргийн албанд богино хугацаанд дасаж, өөртөө итгэлтэй, албандаа зүтгэлтэй, амьдралд шударга байх зарчмыг баримтлан сурлага, сахилгын өндөр амжилт гарган, эх орноо хайрлах үзэлтэй бие хүн болон төлөвшиж, албаа нэр төртэй хаахыг уриаллаа.

Ийнхүү Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүрх сэтгэлээ зориулахаар тангараг өргөсөн олон арван цэрэг эрсээр Зэвсэгт хүчин бүл нэмсэн бөгөөд эдгээр хөвгүүдээрээ бахархан омогших аав ээж, ар гэрийн төлөөлөл нь эх орондоо тангараг өргөсөн эрэлхэг хөвгүүдтэйгээ нэг өдрийг ёслол төгөлдөр үдлээ.