АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл өгчээ.
Энэ талаар Ч.Хишигдалай ярихдаа, “Манай улс ОХУ-аас 83 мянган тонн шатахуун 12 дугаар сард импортолно. Мөн БНХАУ-аас тодорхой хэмжээний шатахуун худалдан авснаар энэ сард захиалсан тоо хэмжээгээр шатахуун импортолж, нийлүүлэлт хэвийн байна. Энэ сарын эхний хоногт үйлдвэрээс ачилт хийсэн. Үүнд дотоодын хангалт дээр асуудал гарч, нийлүүлэх ёстой хувь хэмжээнээс бага зэрэг буурсан. ОХУ-аас ачсан бүтээгдэхүүн Монгол Улсад долоо хонож ирдэг. Энэ хооронд зарим шатахуун түгээх станцад бүтээгдэхүүн байхгүй, орон нутагт Өмнөговь аймаг, Эрдэнэт хотод оочир дараалал үүсэж байна" гэв.
Мөн аж ахуйн нэгжүүд санаатай зохиомол хомсдол үүсгээгүй. Зарим шатахуун түгээх станцын түгээгч нар хуваарилалт хийдэг. Тиймээс шатахуун түгээх станц ачаалалтай үед хуваарилалт хийхгүйгээр ажиллах шаардлага тавьж байгаа юм. Энэ сарын эхээр нөөц үүсгэхүйц илүү их хэмжээгээр ачиж чадаагүй байна. Захиалгатай уялдуулан сүүлийн 15 хоногт үлдсэн бүтээгдэхүүнээ шахаж илүү их хэмжээгээр нийлүүлэх ажээ.






























